Олимпийн хошой аварга ОХУ-ын нэрт тамирчин Елена Исинбаева допингийн хэргийн улмаас энэ удаагийн олимпийг өнжсөн. Ингэснээр 34 настай нэрт тамирчин их спортоос зодог тайлж буй юм. Харин тэр олимпийн дараа хийх ажлаа олсон бололтой. Тэрбээр ОУОХ-ны тамирчдын зөвлөлийн гишүүн болсон байна. Энэхүү сонгуульт ажилд Исинбаева тэргүүтэй дөрвөн шинэ тамирчин анх удаа сонгогдож байгаа юм.
Тулгууртай харайлтын мастераас гадна Германы туялзуур сэлэмчин Бритта Хейдеманн, Унгарын усанд сэлэгч Даньел Дьюрта, Өмнөд Солонгосын ширээний теннисчин Рю Сюн Мин нар сонгогджээ.
Энэхүү ОУОХ-ны тамирчдын зөвлөлд нийт 23 орны 5000 гаруй тамирчид саналаа өгсөн. Тэднээс 1300 гаруй нь Исинбаевагийн төлөө санал өгчээ.
Исинбаевагийн хувьд допингийн шинжилгээнд бүдэрч үзээгүй ч Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос орос тамирчдыг Риод оролцуулахаас татгалзсан тул Исинбаева оролцож чадаагүй юм.