Таеквондогийн ОУХМ П.Тэмүүжин Риогийн олимпод энэ төрлөөр оролцсон анхны тамирчин бас эхний ялалтыг авчирсан Монгол тулаанч болсон. Ингээд түүний танилцуулсан таеквондогийн талаар дэлгэрэнгүй танилцуулья.
СОЛОНГОСТ ҮҮССЭН СПОРТ:
Таеквондо бол Солонгосын бие хамгаалах урлаг юм. Энэ спортын анхны холбоо болох Солонгосын таеквондогийн холбоог 1959 онд үүсгэн байгуулсан. Хожим Олон улсын таеквондогийн холбоог 1966 онд, Дэлхийн таеквондогийн холбоог 1972 онд байгуулж, хөгжлийн замдаа оржээ. Энэ спорт 1988 оны Сөүлийн олимпод танилцуулах журмаар орж, 2000 оноос хойш олимпийн хөтөлбөрт багтах болсон юм.
ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Гараар цохилт хийхийг зөвшөөрдөг ч зөвхөн цээж рүү л цохино. Өрсөлдөгчийнхөө нүүр, толгой руу цохихыг хориглодог. Тэмцээний үеэр хүчтэй цохилтод оноо өгдөг байна.
Мөн шагай хүртэлх хөлөөр өшиглөж оноо авдаг. Үүнээс өөр ямар ч тулааны техник ашиглах ёсгүй.
Өрсөлдөгчийнхөө цээж, эсвэл толгой руу өшиглөж оноо авах биеийн бусад газарт хийсэн өшиглөлтөд оноо өгдөггүй байна.
ОНОО АВАХ СИСТЕМ:
- 1 оноо – Өрсөлдөгчийнхөө цээж дэх хамгаалалт руу өшиглөх, зарим тохиолдолд хүчтэй цохилтод тус бүр нэг оноо өгнө.
- 2 оноо – Техниктэй өшиглөлтөд ийм оноо өгдөг.
- 3 оноо – Өрсөлдөгчийнхөө толгой руу оновчтой өшиглөвөл хамгийн их буюу гурван оноог авна.
Тамирчид оноо авахын тулд техникээ хүчтэй гүйцэтгэх ёстой бөгөөд хүрэх төдийд оноо өгөхгүй. Олон улсын томоохон тэмцээнд электрон онооны систем ашиглаж, цохилтын хүчийг гаргаснаар оноо авна. Гэхдээ жин өгсөх тусам цохилтын хүч нэмэгдэх тул тодорхой хэмжүүртэй байдаг аж.
Харин нүүр, толгой руу оновчтой өшиглөхөд шүүгчдийн нэгдсэн саналаар оноо өгдөг аж.
ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ:
Насанд хүрэгчдийн тэмцээн гурван үе (раунд) явагддаг. Өсвөрийн тэмцээн хоёр үе зохиогддог бөгөөд хамгийн олон оноо авсан тулаанч ялна.
Өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, ялалт байгуулж болно.
Гурван үед хоёр тамирчин ижил оноотой болсон тохиолдолд алтан онооны дүрмээр тулааныг шийдвэрлэнэ. Энэ нь нэмэлт цагт хэн түрүүлж оноо авсан нь ялдаг.
Нэмэлт цагт оноо авалгүй тэнцсэн бол хэн хамгийн сайн техник үзүүлсэн нь хожих боломжтой.
ТОРГУУЛЬ:
- Оролцогчид тэмцээний үеэр дэвжээнээс гарч болохгүй. Хэрвээ хоёр хөл нь хоёул дэвжээний гадна гарвал торгуулна.
- Санаатайгаар доош унах
- Тулаан гаргахаас зайлсхийх
- Өрсөлдөгчөө түлхэх, татаж, зуурсан тоглолт үзүүлбэл
- Өрсөлдөгчийнхөө бэлхүүснээс доош хориотой цохилт хийвэл
- Гэмтсэн мэт жүжиглэх
- Өвдөгөөрөө довтлох, хориотой цохилт хийсэн тохиолдолд
- Өрсөлдөгчийнхөө нүүр лүү гар цохилт хийсэн тохиолдолд
РИОГИЙН ОЛИМПОД
Лондоны олимпод үзэгчдийн тоо бага байсан тул холбооноос багагүй шинэчлэл хийсэн юм. Тулалдах талбайг илүү жижиг болгож, идэвхгүй тоглолтод торгууль оноодог болсон. Мөн автомат онооны системтэй болсон. Тамирчдын өмссөн цээжний хамгаалалт нь цохилтын хүч мэдрэх төхөөрөмжтэй бөгөөд үүний тусламжтайгаар автоматаар оноо өгнө. Өмнө нь дэвжээний шүүгчээс гадна хянагч гурван шүүгчийн нийлбэр саналаар оноо өгдөг байсан ба зарим тохиолдолд оноо өгдөггүй байв.
Түүнчлэн хэрвээ тамирчин, дасгалжуулагч онооны системд эргэлзэж байвал шүүгчид гомдол мэдүүлэх боломжтой. Шүүгч бичлэгийг дахиж хянаж үзэх юм.
Өмнө нь тоглолт 7:0 болсон үед шууд дуусдаг байв. Түүнчлэн 12 оноо авсан тохиолдолд тоглолтыг дуусгадаг байсан бол одоо хугацаагаа дуустал тулалдаад хэн илүү оноотой нь хождог.