Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдээс 58 кг-д П.Орхон хүч үзлээ. Манай бөх эхний тойрогт Болгарийн Мими Христоватай оноолт таарсан. Барилдааны эхнээс Орхон илүү байж, өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Улмаар шигшээ 16-д ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Валериа Кобловатой оноолт таарч, манай бөх оноогоор цэвэр ялагдав. Гэхдээ ОХУ-ын бөх сайн барилдсаар финалд хүрсэн тул Орхон дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрбээр эхлээд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Германы бөх Лиуза Нимештэй хүч үзэж, төвөггүй ялсан. Удаах даваанд Энэтхэгийн Сакши Маликт 12:3-аар дийлдэн тэмцээнээ өндөрлүүлэв. Ийнхүү манай бөх VII байрт шалгарсан юм.