ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн энэ сарын 13-23-нд ОХУ-ын Сахалинд болох Цэргийн хөгжмийн олон улсын II наадамд оролцоно. Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний хаалт нь эл наадам юм.
Хоёр жилд нэг удаа болдог “Сахалин” цэргийн хөгжмийн наадамд Монголын 60 уран бүтээлч оролцох бөгөөд тэд нэг цагийн бүрэн хэмжээний хөтөлбөр зэхэж, төв талбайд нь үзүүлэх тоглолт хийхээр явж буй.
Түүнчлэн энэ удаа үлээвэр найрал хөгжмийг үндэсний урлагтай нэгтгэсэн уран бүтээлийн дээжээ сонирхуулахаар зорьж байгаа юм.
Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцох багийг ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан ахалж, ҮЖҮН хөгжмийн дарга Ч.Төмөрбат, тус найрал хөгжмийн зөвлөх урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ё.Ганбат нар уран бүтээлийн ажлаа хариуцан оролцох юм байна.
Өнгөрсөн жил Хабаровскт болсон олон улсын цэргийн хөгжмийн наадамд амжилттай оролцсон тус найрал хөгжмийнхөн ирэх жил Дэлхийн цэргийн хөгжмийн хамгийн том наадам болох “Спаскийн цамхаг”- т хөл тавих зорилготой.
Сахалинд болох энэ наадмыг нэг талаараа том наадмын өмнөх сорилго хэмээн үзэж болох аж. Энэ наадамд тэдэнтэй мөр зэрэгцэн ОХУ-ын БХЯ-ны төв хөгжим Г.М.Халилевийн удирдлагаар оролцох юм билээ. Энэ хүн манай найрал хөгжимчдийг “Спаскийн цамхаг” наадамд урьсан аж.
Ж.СОЛОНГО