Улсын драмын эрдмийн театр өчигдөр бяцхан үзэгчдээр танхимаа дүүргэв. Урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан тус хамт олон хотын төвөөс алслагдсан сургуулийн 500 сурагчид Ксения Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээ үзүүлсэн юм. Танхимд гэрэл бүдгэрч, хөгжим дуугарахтай зэрэгцэн багачууд алга нижигнүүлэн ташиж, баярлан догдолж байгаа нь илхэн.
Тэдний олонх нь ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийнхан байлаа. Өмнө нь театрт жүжиг үзээгүй хүүхэд олон байсны зэрэгцээ “Энд “Эмоци” гарах юм уу”, “Бооёо байгаа болов уу” гэхчлэн нэг нэгээсээ асууж байгаагаас үзвэл зурагтаар үздэг хошин шоу тоглолтын бичлэгээр л драмын урлагийг төсөөлдөг нь илхэн.
Хөшиг нээгдэхэд эмээгийнхээ нуруун дээр мордож, гараа дүүгүүрдэн эргүүлэх эрх охин, иштэй чихэр хүлхэж, хөлөө дэвслэн буурайгаа бөөрөлхөх өөр нэг охин гарав. Тэд жүжгийн гол дүрийн нэгэн адил хайртай эмээгээ гомдоож, буруу эрхэлсэн хүүхдүүд. Нойрноосоо сэрж ядан орондоо эргэн хургах охиноо хичээлд нь явуулахаар аргадах хөөрхий эмээ. Дуртай амттаныг нь бэлдэж, чадах ядахаараа эрхлүүлэн тойглох эмээгийн дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах тоглов.
Түүний эрх ач охины дүрийг залуу жүжигчин Б.Тогтохжаргал бүтээлээ. Охин эмээгээ хажууд байхад нь эрхэлж туниад анзаардаггүй байжээ. Хамгийн дотно найз шиг нь болсон эмээгээ үгүй болсон үед бүх зүйл утгагүй санагдана. Охиндоо гомдсон эмээ нь эрвээхэй болон ниссэн тухай энэ жүжигт өгүүлдэг юм билээ.
Багачуудад байгаль дэлхийгээ хайрлахын ухааныг ойлгуулж, хэтэрхий эрхлэх муухайг сануулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” үлгэрчилсэн зохиолтой бөгөөд гол дүрийн жүжигчид дуулж, бүжиглэж, үзэгч багачуудтай харилцан ярилцаж байв.
Томоогүй жаалуудад ухаарал хайрласан эл жүжгийг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн ес, 65, 67 дугаар сургууль, “Ирээдүй” цогцолбор, Гачууртын 85 дугаар сургуулийн хүүхдүүд үзсэн юм.
Ж.СОЛОНГО