Залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүйгээс “арга буюу” ууш, цэнгээний газраар сэлгүүцдэг гэх яриа моодноос аль хэдийнэ гарчээ. Ном уншлагын кафе, латин бүжгийн клуб, дугуй түрээсийн газар, хувь хүний хөгжлийн төрөл бүрийн дугуйлан, сургалт байхад залуучуудад уйдаж суух цаг баймааргүй. Тэгвэл энэ удаа чөлөөт цагаа зугаатай, өвөрмөцөөр өнгөрүүлж болох үйлчилгээнүүдийн талаар сонирхуулъя.
ХУЛГАЙЧ, ОРГОДОЛ УУ, ЭСВЭЛ МӨРДӨГЧ ҮҮ
Түгжээтэй өрөөний түлхүүр хайж, доторх тавилга сэлтийг ухаж төнхдөг цахим тоглоом олон байдаг. 1988 онд Жон Уилсон гэгч эр ариун цэврийн өрөөнөөс гарах арга хайх сэдэвт “Цоожтой хаалганы ард” нэртэй цахим тоглоом зохиосон аж. Харин Цахиурын хөндийн нэгэн систем зохион байгуулагч багийнхан гэмт хэргийн сэдвээр мэргэшсэн, Английн зохиолч Агата Кристигийн зохиолоос сэдэвлэн, 2006 онд жуулчдыг татах зорилгоор оньстой өрөөнөөс гарах бодит үйлчилгээг нэвтрүүлжээ.
Үүний дараа Хонконгийн дунд сургуулийн зуслангийн үйл ажиллагааны үеэр хүүхдүүдийн дунд оньстой өрөөнөөс мултрах тэмцээн зохион байгуулсан байна. 2008 онд Японы Киотод ийм үйлчилгээний газар нээгдэхэд 200 гаруй мянган хүн үйлчлүүлж, өдгөө дэлхий даяар 2800 орчим оньсон өрөө үүдээ нээжээ.
Харин Монголд өнгөрсөн зургадугаар сарын 16-нд “Оньс өрөө” нээлтээ хийсэн байна. Гадаадад олон жил суралцсан хоёр бүсгүй Монголдоо ирээд, залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх аятайхан газар цөөн байдгийг ажиглаж “Оньс өрөө” нээхээр шийдэн, “Шинэ Монгол” сургуулийн баруун талд, 78 дугаар байранд үйлчилгээгээ явуулах болж. “Оньс өрөө”-гөөр өдгөө 3000 гаруй хүн зочилсон байна.
Өөрөөр хэлбэл, залуус шоронгийн оргодол, эсвэл музейн үнэт олдворт санаархсан хулгайчийн аль нь болохоо сонгох гэнэ. Шоронгоос оргох өрөөнд хоёроос таван хүн 40-55 мянган төгрөг төлж үйлчлүүлэх бол музейгээс үнэт эдлэл хулгайлах сэдэвт танхимд тоглоход хоёроос таван үйлчлүүлэгч 50-65 мянган төгрөг өгөх гэнэ.
Оролцогчид 60 минутын хугацаанд дотор байгаа зүйлсийг нэгжиж, өгөгдсөн даалгаврыг биелүүлж коод тайлан, гарах түлхүүр олох ёстой. Ингэхдээ биеийн хүч огт хэрэглэхгүй. Дашрамд дуулгахад, тэд энэ сарын 15-нд Шерлок Холмсын өрөө буюу хамгийн хүнд даалгавартай танхимаа нээнэ. Мөн III, IV хороололд удахгүй шинэ салбараа байгуулах юм. Тэд шинэ өрөө нээхдээ гурван удаа туршилтын баг тоглуулж, даалгавар хүнд, эсэхийг танддаг байна.
16-гаас дээш насныхан үйлчлүүлэх боломжтой бөгөөд багачууд харгалзах хүнтэй тоглож болох аж. “Оньс өрөө”-нийхөн фэйсбүүк хуудсаараа болон холбогдох утсаар нэг цагийн өмнө захиалга бүртгэдэг. Цаашдаа зохион байгуулагчид “Оньс гудамж”, “Оньс үдэшлэг” үйлчилгээ нээх буюу аливаа арга хэмжээнүүдэд очиж хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ
Шувуу шиг нисэхийг хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа ч болтугай мөрөөддөг биз ээ. Тэртээ 1913 онд ийм хүсэлтэй Х.Гэлэнхүү хэмээх жаал бүргэдийн өд, үхрийн ширээр далавч хийж, Хөвсгөлийн Жаргалант сумын 20 метр өндөр Дүнтэрийн цохионоос үсэрч байсан түүх бий. Тэгвэл өдгөө хүссэн хүн бүр нисэх мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ.
Гадаадад хэн боловч мэргэжлийн шүхэрчинтэй хамт үсрэх бололцоотой байдаг бол Монголд тийм үйлчилгээ нэвтрүүлэх одоогоор боломжгүй аж. Тодруулбал, Шүхрийн олон улсын холбооны сургалтад сууж, эрх авсан шүхэрчин ийн бусдын мөрөөдлийг биелүүлэх зөвшөөрөлтэй болох нь. Монголын шүхрийн спортын нийгэмлэгийн шүхэрчид удахгүй уг сургалтад суухаар бэлтгэж буй аж.
2012 онд байгуулагдсан уг холбоо энэ хугацаанд 40 гаруй хүнийг анхан шатны сургалтад хамруулжээ. 500 мянган төгрөгийн төлбөртэй, 10-14 хоногийн сургалтад шүхрээр буух онолын 16 цаг, техникийн болон биеийн хүчний бэлтгэлийн 40 цагийн хичээл багтжээ. Сургалтын төгсгөлд шалгалтад тэнцэгчид нисэх онгоцноос 1-2 удаа бууж, шүхрийн гуравдугаар зэрэгтэй болох нь.
Мөн цаашид суралцан, улмаар тус нийгэмлэгийн гишүүн болох боломжтой. Дадлагажигч шүхэрчдийг 1100 метрийн өндрөөс, салхины хурд зургаан метр секунд байх үед буулгадаг байна. Энэ спортоор хичээллэхийг хүсэгчид ойрын гурван жилийн хугацаанд тархи, дотор гэмтэл, үе мөчний гэх мэт мэс засалд ороогүй, тэнцвэрийн болон тулгуур эрхтний гажиг, согоггүй, мэдрэл ба зүрх, судас нь хэвийн үйл ажиллагаатай, 18-аас дээш насных байх ёстой аж.
Олон улсын хэмжээний мастеруудын зохион байгуулдаг уг сургалтыг Гурвалжингийн гүүрний урд, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвд зохион байгуулдаг гэнэ.
ЭХ ОРОНЧДЫН ЭР ЗОРИГ ШАЛГАХ ЗУГАА
Будган сум буюу пэйнтболлоор анх 1981 оны зургадугаар сарын 27-нд америкчууд тоглосон бол Монголын пэйнтболлын холбоо 2000 онд энэ спортыг Монголд нэвтрүүлжээ. Хүүхэд залуучуудад өөртөө итгэх итгэл нэмж, эх оронч үзэл төлөвшүүлж, хатуужилд сургаж, багаар ажиллах, богино хугацаанд сэтгэх, бие даан ажиллах чадвар нэмэгдүүлэх ач холбогдолтой уг спортыг Монголд сүүлийн таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 23 мянган хүн сонирхон, тогложээ.
Хан-Уул дүүргийн “Оргил” хотхоны зүүн урд байдаг Монголын пэйнтболлын холбоо 35х75 метр хэмжээтэй хоёр талбайтай. Оролцогчид багт хуваагдан өрсөлдөгчөө усанд уусдаг будаг агуулсан, желатинаар бүрхсэн сумтай буугаар онодог. Энэ спортын технологийг анх цэрэг арми, хууль хэрэгжүүлэх байгууллага, хамгаалалтын албаныхан сургалтын зорилгоор ашигладаг байжээ.
Өрсөлдөгч багийн тугийг эзлэн авах, дайснаа устгах, тодорхой цэг, нутаг дэвсгэр хамгаалах, эсвэл дайрах, талбайд нуусан зүйл илрүүлэх гэх мэт даалгавартай байдаг. Монголын пэйнтболлын холбооны талбайд нэгэн зэрэг дөрвөн баг тоглох боломжтой. Нэг баг таван хүнтэй байх ёстой.
Яагаад гэвэл багийн нэг гишүүн тугийг хамгаалж, эсрэг талынхны талбайд мандуулах үүрэгтэй бол нөгөө нь түүнийг хамгаалж, бас нэг нь мэргэн буудагчийн үүрэг гүйцэтгэж, үлдсэн гишүүд золиосонд, отоонд тоглох стратегитэй. Үүндээ тохируулж нуувч, саад бэлтгэжээ. Буудсан зайнаас хамаарч бие хөхөрч, шалбарах тохиолдол гардаг аж.
Үүнээс шалтгаалж, зарим тэмцээний үед 4.5 метрээс дотогш зайнд өрсөлдөгчдөө ойртсон үед буудахгүй байх дүрэм хэрэгжүүлдэг бол бууж өгөх журам хэрэглэдэг газар ч бий. Миннесотагийн Пэйнтболлын нийгэмлэгийн судалгааны багийнхны дүгнэснээр энэ спорт аюул багатай буюу жилд 100 мянган тоглогч тутамд 20 хүн бэртдэг байна.
2007 онд Канадад пэйнтболл тоглож байсан 11 настай хүү маскаа авсан үед өрсөлдөгч багийн гишүүн нүд рүү нь онож ноцтой гэмтэл учруулснаас хойш насны доод хязгаарыг 16 байхаар тогтоожээ. Дашрамд дурдахад, Монголын пэйнтболлын холбоо хавар бүр 10 хоногийн сургалт зохион байгуулдаг аж.
Б.ДӨЛГӨӨН