“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн Улсын драмын эрдмийн театрт ажиллах болжээ. Тэрбээр өчигдөр анх удаа энэ тайзан дээр “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн туслах дүрд тоглосон. Харин өнөөдөр “Бүүвэй” жүжгээр үзэгчидтэйгээ учран золгоно.
Хөөрхөн, залуухан, авьяаслаг жүжигчин бүсгүй СУИС-ийн оюутан байхдаа л олны танил болж, МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болсон “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр хайрлагдсан. Дараа нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болж, хэд хэдэн уран сайхны киноны гол дүрд тоглосон бол удахгүй УДЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодог жүжигт, эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон Жульеттагийн дүр бүтээнэ.
“Ромео Жульетта” жүжгийг энэ онд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар дахин тайзнаа амилуулахаар болсон. Арваннэгдүгээр сард нээлтээ хийх энэ жүжгийн гол дүрд сонгогдож, УДЭТ-т ажиллаж, оюутан байхаасаа уран бүтээлээ эхлүүлэн, халамжтай ханьтай учирсан болохоор О.Дөлгөөн өөрийгөө “азтай” гэж тодорхойлсон.
-“Мөрөөдлийн театр”-ын О.Дөлгөөн УДЭТ-ын жүжигчин болоод удаагүй байна. Ижил дасал болсон хамт олноо орхих амаргүй байсан байх. Гэхдээ тэд чамайг дэмжсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Манай театрынхан шийдвэрийг маань дэмжиж, сайхан хүлээн авсан. Зургадугаар сарын сүүлчээр УДЭТ-ын жүжигчин болохоор шалгалт өгсөн. Тэгээд амралт эхэлсэн учраас наймдугаар сарын 1-нд ажилдаа орлоо.
-Драмын жүжигчин болохоор суралцаж байгаа хүн болгон л энэ тайзыг мөрөөддөг байх. Хэзээ нэгэн цагт энэ “айл”-ын гишүүн болно гэж бодож байв уу?
-Тийм ээ. Жүжигчин болгон УДЭТ-т ажиллахыг хүсэж, мөрөөддөг. Намайг гуравдугаар курст байхад “Мөрөөдлийн театр” байгуулагдаж, анхны уран бүтээлд нь оролцож, тэндээ ажиллах болсон. Харин одоо УДЭТ-ын жүжигчин боллоо.
-Анх үзэгчдэд МҮОНТ-ийн “Амьдралд тавтай морил” олон ангит киноны Золоогийн дүрээр танигдсан. Энэ таны дэлгэцийн анхны уран бүтээл үү?
-Энэ кинонд тоглож байхдаа Эрхэмбаяр ахтайгаа танилцаж, дараа нь бид хамтран ажиллахаар болсон. Би хоёрдугаар курст байхдаа “Эзэнгүй бөгж” уран сайхны киноны туслах дүрд тоглосон. Тэр киног “Захиалгат инээд”-ийн Мөөжиг ах хийсэн юм. Харин гуравдугаар курст байхад “Амьдралд тавтай морил” кинонд ирж шалгуулаарай гэсэн. Тэд гол дүрийн эмэгтэй жүжигчнээ их удаан хайсан юм билээ. Намайг мэдэж байсан ч “Эзэнгүй бөгж” кинонд тоглохдоо бүдүүн байсан болохоор “Нэг охин бий, гэм нь жаахан бүдүүн” гэж ярилцаж байсан гэсэн. (Инээв)
Тэгж байгаад намайг ирж шалгуул гэсэн. Яваад очтол “Ахын дүү чинь турчихсан байна шүү дээ” гээд л баярласан байдалтай хэлж байсан шүү. Хөгжилтэй.
-Театрын жүжигчин болоод удалгүй сонгодог жүжгийн гол дүрд тоглох боллоо. Зарим хүн чамайг Жульеттад тоглуулах гээд УДЭТ-т ажилд оруулсан гэх юм билээ.
-“Ромео Жульетта” жүжиг тавих гэж байгаа тухай өмнө нь сонссон. Намайг шалгуулаад орсны дараа нь дүрийн хуваарилалт хийсэн л дээ. Бүх жүжигчнээ цуглуулж байгаад зарласан.
-Ажлын ачаалал илүү нэмэгдсэн үү?
-Нэлээн ачаалалтай байгаа. Намар уран бүтээл ундардаг үе. Удахгүй манай театрынхан аялан тоглолтоор явах гэж байна.
-“Онц сурлагатнууд орохыг хориглоно”, “Бүүвэй” жүжгийн уран бүтээлчид олон удаа энэ жүжгээ тоглоод дадчихсан байгаа. Харин Дөлгөөн тэднийг гүйцэж, байхгүй жүжигчнээ нөхөж тоглох нь ээ.
-Тийм ээ. Өмнө нь “Бүүвэй” жүжигт Хулан эгч тоглож байсан. Хүн нөхөж гарч байгаа болохоор өмнө нь тоглож байсан жүжигчнээс нь дутахгүй тоглох ёстой. Би ч гэлтгүй бүгд л хэрэгтэй цагтаа хэзээд бэлэн байх ёстой доо. Удахгүй Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгчдэдээ “Чөлөөт хос”, “Бүүвэй”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээ үзүүлэхээр манай театрынхан явна.
-Жүжигчний мэргэжлээр сурсан хүн болгон үзэгчдийн танил болж, хүсэж мөрөөдсөн дүрээ авч, амжилттай ажилладаггүй. Өмнө нь таныг Жульеттад тоглохыг мөрөөддөг гэж ярьсныг нэг ярилцлагаас нь уншсан.
-Би их азтай. Хүн болгонд боломж таардаг. Гэхдээ тэр боломжийг алдахгүй барьж авах нь чухал. Би олдсон боломжоо алдалгүй ашиглаж, тууштай байж чадсан юм болов уу.
Жил бүр авьяаслаг олон хүүхэд жүжигчний мэргэжлээр сургууль төгсөж байгаа. Миний зорилго тэр дээр байгаа гэж үзвэл би шатаа өөд нь чиглүүлчихээд алхам алхмаар өгсөж яваа л хүн. Урт зам намайг хүлээж байгаа.
-Дэлгэцийн уран бүтээлд авьяасаа сорилоо, хошин урлагийн салбарт ажиллалаа, сургууль төгсөөд удаагүй байгаа ч ээж болж, амьдрал зохиолоо. Одоо мөрөөдлийнхөө ажлыг хийж байна гэхээр үнэхээр нь адтай, азтай юм аа.
-Харин тийм ээ. Би өөрийгөө их азтай гэж боддог.
Уран бүтээлч хүний гэр бүл их чухал гэж хүмүүсийн ярихыг олонтаа сонссон. Одоо гэр бүлтэй болоод энэ үгийг сайн ойлгож байна. Би нөхрөө магтах гээд байна л даа. Гэрийнхээ арын ажлыг эхнэр нь дааж, хариуцдаг бол манай нөхөр миний мэргэжлийг ойлгож, намайг хүндэлдэг учраас арын албыг хариуцдаг. Би өглөө гараад л орой гэртээ ордог. Заримдаа бүр “Хүүхдийнхээ хойт эх нь юм шиг байна даа” гэж хошигнодог юм. Ханьдаа үнэхээр их баярладаг шүү.
-Уран бүтээлээ хийж яваад нөхөртэйгээ танилцсан гэл үү?
-Тийм ээ. “Некст электроникс”-ийн маркетингийн менежер хүн шүү дээ.
-Дөлгөөн хэр олон найзтай вэ. Өмнө нь нөхөрлөлийн тухай сайхан кинонд тоглосон болохоор үргэлж хамт байдаг үнэнч найзуудынх нь тухай мэдмээр санагдлаа.
-Олон найзтай. Зовлон жаргалаа хуваалцаж, нууцаа ярьдаг гурван сайн найз минь бий. Дунд сургуульд байхаасаа найзалж байна. Найзуудын хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа таниулдаг юм билээ.
-СУИС төгссөн нэг ангийнхан нь бүгдээрээ мэргэжлээрээ ажилладаг уу?
-Би 2012 онд сургуулиа төгссөн. Манай ангийнхнаас жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа нь ховор. 30 гаруй хүүхэд анх нэг ангид орж суралцаад тэднээс 8-9 нь л төгссөн. Манай ангийнхан энэ жил хамтраад кино хийсэн, удахгүй нээлтээ хийнэ.
-Жүжигчин болно гэж шийдэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл нь юу байв?
-Дунд сургуульд байхдаа хэл ярианы хөгжил сайтай, уншсан зүйлээ амархан тогтоодог болохоор “Уран жиргээ” уралдаанд оролцдог байлаа. Гэхдээ нэг их амжилт гаргаж байгаагүй. Долдугаар ангид байхдаа Монголын анхны аймшгийн кино “Хана”-д тоглосон. Тэр үед КУДС-ийн оюутнуудтай хамт хөдөө байрлаж, кинонд тоглосон. Орой болгон гитар тоглож, гал тойрч суугаад, гоё юм ярина. Тэднийг хараад л ямар гоё бэ, тэдэн шиг болохсон гэж хүсэж, жүжигчин болохоор шийдсэн.
-Уралдаант шалгалтын үеэр хэр их сандарч байв?
-Зөндөө бэлдчихээд орох гээд зогсож байхдаа сандарсан. Хэн нь ч тэгээд хэлчихсэн юм бүү мэд, “Бие засчихвал хамаг бэлдсэн юмаа мартдаг” гэдэгт итгэчихээд хавчигнаад л зогсоод байсан.
-Өнгөрсөн зун ямар кинонд тоглосон бэ?
-“Маш нууц”, “Single ladies 2” кинонд тоглосон. Есдүгээр сарын 18-нд “Маш нууц”, аравдугаар сард “Single ladies 2” киноны нээлт болно.
“Маш нууц” кинонд цэрэг эрсийн амьдралын тухай гарах юм. Гол дүрийн залуугийн дурлалт бүсгүй нь болж тоглосон. Харин “Single ladies 2”-ыг бид өмнөхөөсөө илүү сайн болгож, үзэгчдийн таашаалд хүргэх сэн гэж ажилласан.
-Жүжигчин хүний амьдрал их өрнүүн болохоор сонирхолтой. Тайван суух зав бараг гардаггүй юү?
-Дандаа л завгүй. Яарч гүйсэн л хүн явна. Гэр бүлтэй болсон учраас эзэгтэй хүний үүрэг хариуцлага нэмэгдсэн.
-Хүү нь хэдтэй билээ?
-Ой таван сартай. Цэцэрлэгт явуулж байгаа. Аав нь цэцэрлэгт өгч, аваад л ажлаа амжуулаад явж байгаа.
-Танай гэр бүлийнхэн дунд өөр урлагийн хүн бий юү?
-Манай хүргэн ах ардын жүжигчин Н.Мягмарнаран гуай шүү дээ. Гэр бүлийнхнээс маань урлагийн хүн байхгүй ээ.
-Дөлгөөн Монголын эмэгтэй жүжигчдээс хэнийг үлгэрлэж, хүндэтгэдэг байсан бэ?
-Гавьяат жүжигчин И.Одончимэг эгч. Хамгийн гоё нь Одноо эгч 19 жилийн өмнө Жульеттад тоглож байсан шүү дээ. Эмэгтэй хүн хошин шоуд тоглох амаргүй. Хүн инээлгэх хэцүү шүү дээ. Тийм болоод ч тэр үү, би Одноо эгч шиг болох сон гэж хүсдэг байлаа.
-Ярианаас нь анзаараад байх нь ээ, Дөлгөөн УДЭТ-т ажиллаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байх шиг ээ.
-Тийм ээ, үнэхээр гоё байна. Яг л миний хүсэж байсан зүйл. “Мөрөөдлийн театр”-т байхдаа ч жүжигт тоглож байсан. Дуртай юмаа хийнэ гэдэг үнэхээр сайхан. Хүүгээ төрүүлээд нэг жил гэртээ байхдаа би ажил руугаа үнэхээр их яарч байсан.
Ж.СОЛОНГО