Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нарын хамтарсан дөрөв дэх дуу өчигдрөөс сонсогчдын хүртээл боллоо. Завгүй ажилтай залуутай ярилцахын тулд түүнийг FM-үүдэд дуугаа тараах замд дөрөө харшууллаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Хайрлах өдөр”, хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн “Нандин” хэмээх хоёр шинэ дуугаа тэд тарааж явсан юм. Түүнтэй уулзахаасаа өмнө ам л нээвэл марзаганаад байж мэдэх алиа хүн байх гэсэн бодол төрж, аль болохоор хошигнуулахгүй яриулахсан гэж хичээж байлаа.
Харин ярилцлагынхаа дараа дэмий бодлоо таягдан хаясан. Тэр бол амьдрал, уран бүтээлийнхээ төлөө чин сэтгэлээ зориулсан, авьяаслаг жүжигчин, дуучин бас залуу аав.
-Таны тоглосон “Такси” киноны нээлт болох нь ээ. (Киноны нээлт баасан гаригт болсон). Шинэ дуу, кино, тоглолт гээд уран бүтээлийн ундарга арвин байна шүү.
-Анх удаа киноны гол дүрд тоглолоо. Эгэл нэгэн таксины жолоочийн амьдралын өдөр, цаг бүр өөр өнгөтэй, ямар өрнүүн байдгийг төсөөлөөгүй явжээ. Өдөр, шөнө, цайны цагийн амьдрал гэж тэдэнд байдаг. Хүн болгон өөр араншин, ертөнцийг үзэх үзэлтэй учраас тэр бүхэнд тохируулж үйлчлэх амаргүй.
Таксины жолооч хүн орчуулагч, зөөгч, туслагч, хамгаалагч ч болж мэднэ. Бас Улаанбаатар хотын өнцөг булан бүрийг мэддэг хүмүүс. Би таксины жолооч болох гэж байгаа нэг залуугийн дүрд тоглосон юм. Архинд нэлээд дуртай нөхөр амьдралаа өөрчилж, өөрийгөө ялж, архинаас татгалзаж байгаа тухай энэ кинонд өгүүлдэг.
-Хоёрын зэрэг шинэ дуу гаргачихаад явж байна. Нийтийн дууны ертөнцөд эргэлт, буцалтгүй хөл тавьжээ.
-Дуучин гэх нь ч юу юм. Хошин урлагтаа ажиллана. Бид хамтраад дөрвөн ч дуутай боллоо. Бие дааж, тусдаа дуулдаг дуунууд ч байна. Тиймээс аравдугаар сарын 8-нд хамтарсан тоглолт хийх болчихоод байна.
-Тоглолт хийхдээ хүрсэн гэхээр хоолойны дасгал байнга хийж, бэлтгэдэг болсон уу?
-Бэлтгэл хийнэ ээ. Биеэ эрүүл, эрч хүчтэй байлгах нь бас чухал. СУИС-ийн кино драмын ангид сурч байхдаа хоёр жил дуулах ур зүйн хичээл заалгасан.
-Таныг дархад дуу дуулдаг байсан тухай сонссон юм байна. Энэ тоглолтын үеэр өвөрмөц нугалаа, аялгуутай дархад дуугаа дуулах уу?
-Тэгнэ ээ. Миний хөгшин аав, ээж хоёр дархад дууг сайхан дуулдаг хүмүүс байсан. Хөгшин аав минь уралдаанд байнга оролцдог байсан төдийгүй 1000-ын хоолойт гэж алдаршиж явсан Цэнджав гэдэг хүн дээ. Цалин 600 гаруйхан төгрөг байхад л 1000 төгрөгөөр шагнуулж явжээ. Хөгшин аавынх гэж хэлж болохоор хэдэн дуу бий. Тэдгээрийг энэ тоглолтод дуулна аа.
Дархад дууны хэмнэл, хэв маяг их өөр л дөө. Хөгшин аавын минь 1960-аад онд дуулж байсан нэг дуу гэхэд ямар ч аягүй, өнөөгийнхөөр бол хип хоп дуу байдаг юм. Дундаа дахилттай. “Тавин шарын түлээг нь, татаж бэлдээд гэрийнх нь гадаа аваад иртэл тарган шар хүн гарч ирээд одоо чи явдаа гэлээ” гэсэн утгатай. Охинд нь дурласан нэг нөхөр л дуулаад байгаа юм.
Ингээд бодохоор хип хоп дуу дархадаас гаралтай ч юм уу гэж бид ярилцаж байсан удаатай. Дархдууд их шооч хүмүүс. Гэрт нь ороод цай уугаад, таван үг солихын хооронд л хоч өгчихнө. Миний дуулах хошин дуунд тэр тухай ч өгүүлнэ.
-Тэгвэл Сөрөлт ч овоо хэдэн хочтой байх даа. Бас хүмүүсийг их хочилдог уу?
-Байгаа байгаа. Биеийн ерөнхий бүтцээсээ болж нэг хоч авч байгаа юм. Зан байдлаасаа болж бас хочлуулна. Гэхдээ хочоо нийтэд зарлаад яах вэ. Харин хүмүүст их хоч өгнө өө. Найзуудын дунд хочгүй хүн байхгүй дээ. Хочоор нь л дуудна шүү дээ.
-Дуучин болох нь Сөрөлтийн багын мөрөөдөл байсан гэсэн үү?
-Сургуулийн концертод дуулж, шүлэг уншиж, “Уран жиргээ”-д оролцдог байсан болохоор дуучин л болохыг хүсдэг байлаа. Нэг үе шинэ жилээр алиалагч болов. Яг юу хийхээ мэдэхгүй, хаашаа ч үгүй яваад байгаа нь тэр. Сургууль төгсөөд уралдаант шалгалтад оролцоход Хөвсгөл аймагт дуулаачийн ангийн хуваарь ирээгүй юм.
Тэгээд жүжигчний ангид шалгуулж, тэнцээд орсон. Ингээд кино драмын анги төгсөж, жүжигчин болоод “Шинэ үе”-д орж, хошин урлагт хүчин зүтгээд, Түмэн-Өлзийтэй таарч дуу дуулаад урсгалаараа, хувь төөргөөрөө амьдрал үргэлжлээд л байна даа.
-Урсгалаараа гэх үү, харин тэмүүлэл, эрч хүчтэй, олон зүйл амжуулдаг залуу гэж ойлгох уу?
-Аль аль нь байлгүй яах вэ. Халууны тэмээ шиг явж байхад ажил бүтээд байхгүй шүү дээ. Нийгэм ямар байгаа билээ. Уран бүтээлч хүн болохоор өөрөө өөртөө бодлого тодорхойлоод л явна шүү дээ.
-Дэлгэцнээс өөрийгөө харах ямар байдаг вэ?
-Гоё. Заримдаа ч ичмээр байдаг л юм. Тоглолтын бичлэг, эсвэл оролцсон нэвтрүүлгээ ухрааж үзэж байхдаа сонин зүйл ярьчихсан ч юм уу гэж бодох үе бий. Үгээ цэгнэхгүй бол гоочлуулна. Тийм болохоор бодолтой байх хэрэгтэй.
-Хүүхдээ голсон ээжийг аргадаж эерүүлдэг нэг тоглолт бий. Өвөрмонгол хуучирчийн дүрээр тайзнаа гарсан даа. Тэр санааг хэн гаргасан бэ?
-Гурван жилийн өмнөх номерыг одоо болтол хүмүүс үзэж, дурсаж ярьдагт баярлалаа. Энэ Бооёо ахын санаа л даа. Ботгоо голсон ингийг хуураар аргадаж, амлуулдаг. Тэгвэл хүнийг тэгж төсөөлж нэг үзүүлбэр хийхсэн гэж бараг хоёр жил ярьж яваад хийсэн дээ. Би хуур барьж аргадна гэж байснаа өвөрмонголчууд хуучир барьж тоглодгийг санаад ийм дүрээр тайзнаа гарсан юм.
-Үзэгчид нүүрэндээ үрчлээ суулган инээхийг биш зүрхээ булгилуулж, сэтгэлээ догдлуулах тоглолтыг хүсэж байна гэж ярих болжээ. Хошин шоу арай хөнгөдөөд л байх шиг санагдах юм. Та бүхэн ямар бодолтой байдаг вэ?
-Бид ч тийм л зорилготой. Үзэгчдээ дурлуулж, догдлуулж, баярлуулмаар байна. Зарим нь сэтгэл хангалуун баярлаж, баясаж байна. Хүн болгоны харах өнцөг өөр болохоор нөгөө хэсэг нь өөр зүйл ч бодож болно. Тэр болгоныг бид боддог. Чанартай уран бүтээл хийх нь л бидний зорилго юм шүү дээ.
-Хошин шоунд тоглосоор байгаад ур чадвар нь хайрцаглагдаж, нэг хэв маягт орчихдог уу?
-Үгүй шүү дээ. Яагаад тэгж бодов?
-Инээдмийн дүрд тоглодог хүнийг аймшгийн, эсвэл эмгэнэлт кино, жүжигт тоглобол үнэмшилгүй санагддаг ч юм уу. Үзэгчдэд нэг л төрхөөрөө хоногшчихдог байх л гэж бодлоо.
-Ганц, хоёр уран бүтээлч ийм зүйл ярьж байсныг сонссон юм байна. Хошин урлагт ажиллаад олон сайхан дүр бүтээлээ. Тэгээд одоо арай өөр нухацтай дүрд тоглох гэхээр үзэгчид өөрөөр хараад байна. Инээвхийлж, инээмсэглэглэж үзэх гээд байдаг боллоо гэдэг. Гэхдээ хошин урлагийн жүжигчин уянгын драмд ч тоглож болно шүү дээ. Жүжигчдийг үнэмштэл нь тоглох эсэх нь тухайн хүний ур чадвартай холбоотой байх.
-Та бүхнийг уран бүтээл гэхээсээ илүүтэй ажил хийгээд байна уу даа гэсэн бодол төрөх юм. Учир нь давтамжтай, тогтмол хийдэг хуваарьтай ажил шиг кино, хошин шоу тоглолт их болж л дээ.
-Энэ мэргэжлээр ажиллаарай гээд биднийг сургаад өглөө шүү дээ. Нягтлан бодогч мэргэжилтэй байсан бол тэр ажлаа л хийнэ. Энэ мэргэжлээр төгссөн, өөрөө өөрийгөө авч яваа уран бүтээлчид ажиллах ёстой. Гэхдээ бид чанарыг эрхэмлэдэг.
-Өөрийгөө өөрөөр илэрхийлэх боломж тохиовол ямар дүр сонгох вэ?
-Би ийм дүрд тоглохсон, тэгэхсэн гэж нэг их боддоггүй юм. Чөлөөт зах зээлд надад ямар боломж байна түүнийгээ л ашиглаж, оногдсон дүрээ сайн гаргахыг хичээдэг.
-Мөрөөдөхөө боливол амьдрал зогсоно гэдэг. Танд ч гэсэн алс хэтээ харсан олон мөрөөдөл бий байх.
-Сайхан сайхан мөрөөдөл олон байна. Үр хүүхдээ сайхан явахыг үзмээр байна.
-Гурван хүүхэдтэй байх аа.
-Тийм ээ. Хүний дор орохгүй амьдарч, сайхан уран бүтээлтэй болж, зөвхөн хошин урлаг гэлтгүй урлагийн салбарт амжилттай ажилламаар байна.
-Хүүхдийн хүмүүжилд аавын нөлөө их гэдэг. Ээжүүд хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байдаг ч ааваасаа 80 хувь үлгэрлэдэг гэсэн судалгаа харсан юм байна. Таны хүмүүжилд аавын нөлөө их байсан уу?
-Харин тийм ээ. Би энэ тухай байнга л боддог юм. Би аав, ээжээсээ тавуулаа. Дөрвөн банди, нэг охиныг тэд минь яаж хоолонд нь хүргэж, хүсэл сонирхлоор нь мэргэжил эзэмшүүлж, өдий зэрэгтэй болгосон юм бол гэж боддог.
Манай гэр бүл хатуу ягштал баримталдаг дүрэм, теором байгаагүй ч маш сайн хүмүүжилтэй болгожээ. Ядаж хүүхдүүдээ өөр шигээ болгохсон. Бидний хүмүүжилд аавын минь нөлөө их бий. Гадаад, дотоод байдлаараа би аавтайгаа адилхан.
Тийм болохоор одоо хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй гэж хичээж байна. Намайг л харж байгаа гэж боддог шүү дээ. Найзууд цуглаж, ууж наргиж байхдаа тамхи татахад ард нь хүүхдүүд дуурайчихсан явдаг. Тийм болохоор “Сөрөлтөө, чамайг харж байгаа шүү. Яах ёстойгоо сайн бодоорой” гэж өөртөө үргэлж хэлдэг.
Ж.СОЛОНГО