“Босуул” киноны Хүдэрийн дүрд тоглосон жүжигчин, дуу оруулагч А.Баттүшигтэй ярилцлаа. Сэтгэлд хоногшсон дуу хоолойн эзэнтэй уулзахад цаанаа л дотно юм билээ.
-“Босуул” кинонд хэд хэдэн удаа хандгай харагдсан. Юуг бэлгэдсэн бэ?
-Зүүдэнд буга үзэгдэх нь нөхөрлөлийг зөгнөдөг гэдэг. Хүдэр зугтаж явахдаа буга хараад удалгүй ууланд бүгсэн олонтой таарч нөхөрлөдөг шүү дээ. Кинонд зөн билгийн өгүүлэмж их ашигладаг. Киногоо бид түүхэн, туульсын хэлбэрээр хийхийг зорьсон.
-Түүхэн, өргөн хүрээ хамарсан бүтээл хийхэд уран бүтээлчдээс их зориг шаардана. Энэ кинонд таны хаднаас гулгаж буудаг хэсэг ч айхтар юм билээ. Таны амьдралд хамгийн их зориг шаардсан үйл явдал юу байв?
-Жирийн амьдралд гэхээсээ илүү уран бүтээлийн үеэр зориг шаарддаг. Тухайлбал, Ж.Сэнгэдорж найруулагчийн “Адам”-д тоглохдоо халуун элсэн дунд олон өдөр зураг авахуулж, бүтэн нүцэглээд цасан дундуур гүйсэн, “Сексийн эрх чөлөө”-д бас нүцэглэж, “Босуул”-д цасанд булуулж, мориноосоо унасан зэргээр амьдралдаа хийж үзээгүй бүхнээ киноны үеэр л туршсан.
Хаднаас гулгадаг хэсгийн эхлэлд өөрөө ажилласан ч цааш нь орлон тоглогч Өнөрбаяр үргэлжлүүлсэн. Хэн нэгэн жүжигчин, тэр тусмаа гол дүр бэртвэл 70 орчим хүний ажил зогсоно. Хүдэрийн дүргүй хэсэг гэж бараг байхгүй, өдөр бүр бичлэгтэй байлаа. Тиймээс олон хүний хөдөлмөрийг хүндэлж, өөрийгөө хайрлах хэрэгтэй.
“Марко поло”-гийн зураг авалтад оролцохоор явсан “Тэнгэрийн чоно”, “Экшн” багийн орлон тоглогчидтой ажилласан учир айх зүйл байгаагүй.
-Олон удаа үхлийн аюулаас мултарсан Хүдэр төгсгөлд нь хайртай бүсгүйтэйгээ уулзахдаа буудуулчих вий гэж их түгшсэн шүү. Олон хүн үрэгдсэн дүрслэлтэй киноны гол дүр хүртэл амиа алдаж төгсвөл үзэгчдийн сэтгэл тавгүйрхэнэ. Киноны төгсгөлийг найруулахдаа үзэгчдийн сэтгэл зүйг хэр чухалчилдаг бол. Хэдийгээр та найруулагч биш ч зохиолыг нь бичилцсэний хувьд хариулахгүй юу?
-Ж.Сэнгэдорж найруулагч энэ тухай надаас сайн ярих байх. Гэхдээ хэд хэдэн кинонд түүнтэй хамтарч ажиллахдаа юу мэдэрсэн бэ гэвэл тэрбээр бүтээлийнхээ ерөнхий шугамыг тэр чигт нь харж, үзэгчдийн оронд өөрийгөө тавьж боддог.
Мэдээж хүмүүс кино театраас сэтгэл өндөр гарахыг хүсдэг. Хүмүүсийн сэтгэл хөөрөл хэмжээтэй. Сэтгэлийг нь хөдөлгөж, нэг бол унтраахын тулд найруулагч төгсгөлөө мэдэрсэн байгаа. Үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд хэмжээнд нь хүргэх төлөвлөгөөний дагуу л бид зохиол, хөгжмөө бичсэн гэх үү дээ.
-Үзээд “Хүнд юу хамгийн чухал юм бол” гэж эргэцүүлсэн. Та эх орондоо эрх чөлөөгүй амьдрах, эсвэл харийн нутагт хагас эрх чөлөөтэй аж төрөхийн алийг илүүд үзэх вэ?
-Хүн бид амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийн хариултыг бүх насаараа хайдаг байх л даа. Бидний ахуй амьдралд тохиолдсон аахар шаахар саад бэрхшээлүүдээр л амьдралынхаа хүрээг хараад байна. Монгол хүний бахархал юу вэ, үүнийг хэрхэн авч үлдэх вэ, бидний хамгийн үнэт өв юу вэ гээд л томоор сэтгэж яривал олон асуудал сөхөх болно.
Гэхдээ өөрийгөө багаар үнэлдэг болохоор чухал асуудлуудын талаар ярихаас санаа зовж байна. Энэ тухай мундаг хүмүүс надаас илүү ярих байх. Ямар ч байсан бидний киног үзээд монголчуудын мартаж болохгүй зүйл бол монгол хүн юм, эсвэл хайрыг хэзээ ч алдаж болохгүй гэдэг ч юм уу нэгийг бодож хоёрыг тунгаагаад гараасай гэж хүсэж байна.
-Кино хийх санаа яван явсаар “Sun pictures”-ийг байгуулах ажил болсон гэж дуулсан. Хэн, хэн нэг тогооноос хоол идэхээр нэгдсэн бэ?
-Монгол киног гадаадад гаргаж, энэ урлагийн шинэ түүхийг хамтдаа бичилцье гэж Э.Цолмонбаатар, А.Өнөржаргал Н.Цэнд-Аюуш, Жавхлан, Д.Энхбаяр, Ж.Сэнгэдорж болон миний бие санаа нийллээ. Түүхэн кино хийнэ гэдэг бяртай хүмүүсийн ажил юм билээ. Энэ талаар ойлголт маруухан явсан бид ажлынхаа ард гараад л мэдлээ. Мэдээж гадаадын наадамд сойх бодол байна.
-“Долоон бурхан харвадаггүй” кинонд Элбэгдорж Ринчиногийн дүрд тоглосон. Монголын түүхийн ойролцоо цаг үеийг өгүүлэх кинонуудад эрс тэс дүр бүтээхэд дундаас нь ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Элбэгдорж Ринчино Монголын түүхэнд нэлээд хараар тэмдэглэгдсэн хүн боловч яг тухайн цаг үед дэргэд нь амьдарч байгаагүй болохоор мэдэхгүй юм. Түүний дүрд тоглохдоо намтрыг нь судалж, гэрэл зургийг нь сонирхож, тухайн цаг үеийг харуулсан олон кино үзсэн. Түүхэнд суурилсан уран сайхны дүр жүжигчнээс ур чадвар их шаарддаг.
Жүжигчин хүн үнэн тоглоё л гэж хамгийн түрүүнд боддог. Энд, тэнд явахад “За муу Элбэгдорж Ринчино, өөрийг чинь буудаж унагана даа” гэж байсан хүнтэй ч таарсан. Хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан бололтой. Эерэг дүрд тоглоход барьцгүй болохоор жүжигчдээс бас ихийг шаардана. Эсрэг дүр бас хувирал их шаарддаг болохоор амттай болдог ч гэж жүжигчид ярьдаг.
-Тэгвэл Элбэгдорж Ринчиног та хэр зөвтгөдөг вэ?
-Тэрбээр санаагаараа тийм зүйлс хийсэн, эсэх нь бас сонин. Түүхчид хэдэн талаас нь судалж, янз бүрээр тайлбарладаг ч үнэн худлыг дэнслэхэд хэцүү. Нэгдсэн Монгол Улсыг байгуулахын төлөө байсан гэдэгт итгэдэг гэх үү дээ. Дээд удирдлагуудын захиалгаар л даалгавар биелүүлсэн байх. Харин Хүдэр өөрөөс нь юу ч шалтгаалаагүй байхад хэлмэгддэг.
Сэнгэдорж найруулагч бид хоёр анхнаасаа уран сайхны дүрээрээ Монголд баатар гаргаж ирье гэж ярьж, Хүдэрийн дүрийг бичсэн. “Энэ хоёр нийлээд зохиол бичиж, нэгнээ гол дүрдээ тоглуулж од болох гэж байна” гэж хүмүүс ойлгож магадгүй юм. Энэ дүрд анх өөр жүжигчин урьж тоглуулахаар ярилцаж байгаад найруулагч гэнэт бодлоо өөрчилсөн юм шүү.
-Хүн амьдралдаа хэд хэдэн удаа төрдөг гэсэн утгаар Ж.Сэнгэдорж найруулагч “Адам” киноныхоо нэрийг өгсөн юм билээ. Та амьдралдаа хэр олон удаа төрсөн бэ?
-Хүн амьдралдаа шат шатаар ахидгийг ийн хэлсэн байх. Би Монголын үндэсний олон нийтийн телевизэд орж, хэд хэдэн кинонд дуу оруулаад “Би мундаг хүмүүсийн дэргэд сурч чадаж байна гэж үү, энэ ажлыг үнэхээр хийж чадахаар юм байна” гэж баярласан. Дараа нь орчуулгын киноны найруулагч болоход бас бодол санаанд өөрчлөлт дэвшил гарсан.
2006 онд анх кинонд тоглож (Халуун сэтгэл) ээжийгээ нээлтэнд нь урихдаа дотроо бас нэгийг бодож, баярласан. “Хоёр ертөнцийн буудал” жүжигт хоёрдугаар найруулагч болж, “Адам”, “Лардьма”, “Омарын эрэлд”, “Үргээлэг” кинонд ажиллах тэр бүрт ямар нэгэн өөрчлөлт мэдэрсэн. Ер нь уран бүтээлч шинэ бүтээл гаргах бүртээ дахин төрдөг.
-“Адам” тухайн үед гарч байсан кинонуудаас нэлээд өвөрмөц, сэтгэлгээний хувьд өөр түвшнийх. Танд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Ж.Сэнгэдорж найруулагч жүжигчнээс тамир шавхах зүйлс нэхдэг. Тэрбээр “Алтан ураг” хамтлагийн хөгжим сонсгоод “Би чамд зохиол өгөхгүй, чи аяа л сонсоотох. Говьд ерөөсөө л нэг эмэгтэй та хоёр. Зохиолсоод байх юм ч байхгүй, асуудалгүй” гэхэд нь Монголын кино урлагийн түүхэнд өөрөөр бичигдэх, жүжигчнээс ихийг шаардах кино байна гэж бодож, зүтгэсэн.
Япон, Солонгос кино наадамд амжилттай оролцсон. Үзсэн хүмүүс янз бүрээр ярьж, хэд хэдэн сэтгүүлч шүүмж бичиж, зарим үзэгч ямар тэнэг кино вэ, тасалбараа буцаая гэж байсан тухай ч дуулсан. Хүн бүр өөрийнхөө өнцгөөс ойлгож болохоор бүтээл болсон гэж боддог.
-Хэд хэдэн бүтээлд хоёрдугаар найруулагчаар ажилласан юм билээ. Бие дааж кино найруулъя гэж боддог уу?
-Өөрийгөө голдог. Биеэ бэлдээд л явж байна. Цаг нь ирж, бүх юмны тохироо бүрдэхээр болох байх. Одоогоор тийм бодол алга.
-Өөрийгөө голох сайн уу, муу юу?
-Сайн чанар. Хүмүүс намайг илүү их доромжлоосой гэж боддог. Тэгж гэмээнэ өөртөө илүү хяналт тавьж, хурцлагдаж, хор шарандаа ажлынхаа ард гарна. Магтаал хүнд муугаар нөлөөлдөг.
-Дуу оруулагчийн чадварыг ямар төрлийн кино илүү шалгадаг вэ?
-Драмын бүтээлүүд хүч шавхдаг. Ер нь дүрийн сайн жүжиглэлтэд хэрхэн дуу оруулах нь шалгана. Янз бүрийн хүний ааш аяг бүрт тохируулж дуу хоолойгоо шингээнэ гэдэг тэр чигээрээ л чадвар шаарддаг. Хүүхэлдэйн кино нарийн мэдрэмж шаарддаг. Энэ миний хамгийн дуртай төрөл.
Н.Ялалт ах хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа ч “хуйхална” шүү дээ. О.Оюун эгч, Н.Ялалт ах бид гурав “Хөгжилтэй бөмбөлөгүүд” хүүхэлдэйн кинонд зараа хонинд дуу оруулахдаа ингэж дуугараад яах вэ дээ гэж бие биенээ өдөржин шоолж билээ.
-Олон мундаг дуу оруулагчтай хамтран ажиллаж байсан юм билээ. Дурсамжаасаа хуваалцаач?
-СУИС-д байхдаа А.Миеэгомботой хамт МҮОНТ-д шалгуулсан. Г.Равдан, Д.Элбэгсайхан, Ж.Дарамсүрэн, Алтанбагана, Н.Наранбаатар ах, О.Оюун, Н.Батцэцэг эгч цөм шинэ орсон залууст төрсөн хүүхдүүд шигээ анхаарч, сайн жүжигчин болгохын тулд хэдэн талаас шахсан. Би хийж чадахгүй юм байна, намайг дахиж дуудахгүй байх гэж бодож байсан үе ч бий.
Равдан ахын дэргэд дуу оруулахад хар хөлс цутгаж, чичирдэг. Нэг минут л хоцорвол зэмлэдэг шаардлага өндөртэй хүн. Алгадуулж, өшиглүүлж ч байлаа. Тэр бүх шалгуурыг давж МҮОНТ-ийн хамт олны хэсэг болох хүнд даалгавар. Ирээд шантраад буцсан олон хүний түүх мэднэ.
-Яагаад тэндээс гарсан бэ. Дахин дуу оруулагчаараа ажиллах уу?
-Орчуулгын киноны найруулагчаар ажиллаж байхдаа Монгол HD байгуулагдахад багийн зарим хүнтэйгээ очиж кино албыг нь босгоход гар бие оролцсон. Одоо дуу оруулах зав гарахгүй байгаа ч энэ төрлөөрөө цаашдаа ажиллана.
-Та хэр дуулдаг вэ?
-Зөөлөн аялах маягаар аргалсхийдэг. Хоолойн хүч муу, дуулахдаа маруухан.
-Дуу хоолой хүний гоо сайханд хэр чухал вэ. Та өөрийгөө хэр сайхан залуу гэж боддог вэ?
-Би нармийсан л юм байгаа биз дээ (инээв). Хажуу талаасаа сар шиг гээд доромжлох хүн ч байна. Би сайхан залуу байж чадах уу. Надаас сайхан залуу өчнөөн байна. Дуу хоолой хүнд их сэтгэгдэл үлдээдэг. Гэхдээ сайхан хоолойтой ч царай тааруу хүн байж болно шүү дээ. Харин дуу хоолойгоор дүр амилуулах бол ондоо зүйл.
-Ингэхэд яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-“Тв коктейль”-ийн Цолмонбаяртай дунд сургуулийн ширээний найз. Цоомоо тавдугаар ангидаа “Бид эндээс явахгүй” кинонд тоглосон, од амьтан байхгүй юу. Манай хүн багаасаа л жүжигчин болно гэж шийдсэн. Хамтдаа урлагийн наадамд Бооёо ахаар бэлдүүлж оролцоод хоёрдугаар байрт шалгарч байлаа.
Би ч тэр үеэс жүжигчин болъё гэж бодож байтал Цоомоо СУИС-д ханиндаа оръё гэсэн.
-Тэгэхээр нэг анги төгссөн байх нь ээ?
-Цоомоо тэр жилдээ тэнцэлгүй, бүтэн жил бэлдэж, доод ангид элссэн.
-Л.Лхасүрэн агсны шавь гэсэн. Багш нарт олон шавь байдаг ч нарийн нандин холбоотой оюутнууд цөөн. Та хоёрын хооронд ямар нэгэн сэжим байв уу?
-Би ч мөн хэнэггүй хүн байсан даа. Багш намайг сургууль төгсгөх гэж их хөөцөлдсөнд нь одоо ч баярладаг. “Хүн бүрийг ойлгож байж сайн жүжигчин болно” гэж захиж, хичээл дээр айхтар онолдохын оронд амьдралын жаргал зовлон, энгийн байхын тухай их ярьдаг байлаа.
Б.ДӨЛ