Дуурийн залуу дуучдын олон улсын 10 дугаар уралдааны II байрыг Монгол дуучин эзэлжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 15-наас 25-ны өдрүүдэд ОХУ-ын Санктпетербург хотноо дэлхийн 19 орны 223 мэргэжлийн дуурийн дуучид оролцож, авьяас билгээ сорьсон ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдаанд анх удаа монгол хүн оролцсон төдийгүй уг уралдааны II байрыг эзэлжээ. Тэр бол Цэргийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадрал юм. Мөн тэрээр Санктпетербург хотын алдарт Маринскийн театрт дуурийн дүр бүтээх тусгай шагналын эзэн болсон байна.