П.И.Чайковскийн концертийг тэр бүр манайд тоглоод байдаггүй. Тэгвэл дэлхийд алдартай төгөлдөр хуурч Вадим Холоденко өнөө орой Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа түүний нэгдүгээр концертыг эгшиглүүлэх гэж байна. Украйнаас гаралтай энэ төгөлдөр хуурч өдгөө АНУ-ын Далласт амьдардаг бөгөөд зургаан настайгаасаа төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж, есөн настайгаасаа симфони найрал хөгжимтэй гоцлол концерт тоглож эхэлсэн байдаг.
Дэлхийн хамгийн алдартай түүхэн театр, концертын танхимуудад олны танил болсон удирдаач, симфони оркестр, уран бүтээлчтэй хамтран тоглодог түүнийг Монголд тоглох гэж байгаа тухай сонссон ямар ч хөгжимчин гайхан шагшиж байгаа билээ. Хөгжмийн хорхойтнуудын сэтгэлийг догдлуулсан энэ тоглолтыг “Гранат мюзик” продакшн зохион байгуулж, Улсын филармоний симфони найрал хөгжим, удирдаач Б.Анар хамтран ажиллаж буй.
Вадим Холоденко П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторийг ОХУ-ын ардын жүжигчин, төгөлдөр хуурч, урлаг судлаач Вера Горностаево удирдлагад дүүргэжээ. Суралцаж байх хугацаандаа төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан тэмцээний гранпри, тэргүүн, дэд байрын шагналыг удаа дараа хүртэж байсан бөгөөд 2013 онд АНУ-ын мэргэжлийн төгөлдөр хуурчдын эрэмбийн нэгдүгээрт бичигдсэн аж.
АНУ-ын домогт төгөлдөр хуурч Ван Клиберн 1958 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын анхны уралдаанд түрүүлж, алтан медаль хүртэж байсан бол энэ алдартны нэрэмжит олон улсын XII уралдаанд Вадим түрүүлж алтан медаль хүртжээ. Тэрбээр сүүлийн дөрвөн жилийн турш 100 гаруй аялан тоглолт хийсэн байна.
-Өнгөрсөн хавар Испанийн Мадридад тоглолт хийсэн гэсэн. Ямар бүтээл тоглосон бэ?
-Л.Бетховений дөрөвдүгээр концертийг тоглосон.
-Та П.И.Чайковскийн амьдарч байсан Клин хотод очиж үзсэн үү. Очсон бол түүний тоглож байсан төгөлдөр хуурын ард сууж үзсэн болов уу гэж сониучирхаж байгаа юм л даа.
-Үгүй ээ, би очиж байгаагүй.
-Та энэ суут хөгжмийн зохиолчийг маш сайн мэдэрч тоглодог болохоор бусдаас онцгой санагддаг юм. Дөнгөж сая сургуулилалт тарсны дараа хөгжимчид хоорондоо “Цусанд нь оросын хөгжмийн зохиолчийн эд эс шингэчихсэн байдаг байх аа” гэж таны тухай ярихыг сонслоо. Өмнө нь өөр нэгэн төгөлдөр хуурч таныг Монголд тоглох гэж байгааг дуулаад “Түүний мэдрэмж үнэхээр агуу” гэж үгээ олохгүй магтаж байсан. Та яаж ингэж нарийн мэдэрдэг юм бэ?
-Намайг тэгж үнэлж, сайшааж ярьсан та бүхэнд баярлалаа. Маш их баяртай байна. Гэхдээ би өөрийгөө тэгдэг, ингэдэг гэж дүгнэх боломжгүй л д ээ. Харин ингэж тоглодог болсон нь миний багш нарын л гавьяа. Ялангуяа Москвагийн консерваторийн багш Вера Горностаево намайг ингэж мэдэрч, тоглуулж сургасан.
Энэ концертыг би багшынхаа удирдлагад сурч байхдаа олон удаа тоглож байсан. Утга агуулгыг нь ойлгож, нарийн мэдэрч тоглож байна гэж дүгнэж буй хүмүүст энэ бол миний багшийн гавьяа гэж дахин хэлье ээ.
-Танд П.И.Чайковскийн ямар балет, дуурь, симфони илүү таалагддаг вэ?
-Зургадугаар симфони, “Гилбэрийн хатан” дуурь болон бүх балетад нь дуртай.
-Тэгвэл 12 сард зориулсан зохиолынх нь алинд дуртай вэ?
-Арваннэгдүгээр сард зориулсан зохиол илүү сэтгэлд дотно байдаг.
-Оросын алдартай хөгжмийн зохиолчид эх орноосоо хол амьдарч байхдаа гайхамшигтай бүтээлүүдээ туурвиж, нутгаа санасан сэтгэлээ шингээсэн байдаг. Харин та төрсөн нутгаа санадаг уу?
-Би нутгаа санаж үгүйлээд, сэтгэлдээ шаналаад байдаггүй ээ. Учир нь байнга л аялан тоглолт хийж, нутагтаа ч очдог. Бас П.И.Чайковский, С.Рахманиновын бүтээлүүд Орос орны нэрийн хуудас болж, тухайн улсын гайхамшигтай сайхан бүхнийг хамт тээж явдаг болохоор би уйтгарладаггүй. Эх орноо, төрсөн газраа санан дурсаж бичсэн зохиолуудыг нь тоглохдоо би тухайн хөгжмийн зохиолчийн сэтгэлийг мэдэрдэг.
-П.И.Чайковский нэгдүгээр концертоо найздаа буюу алдартай төгөлдөр хуурч Н.Г.Рубинштейнд зориулан бичиж, түүгээр тоглуулах гэсэн ч татгалзсан. Тэгээд анхны тоглолт нь Бостонд болж Ханс Ван Бюлов тоглосон гэдэг. Яагаад Н.Г.Рубинштейн тоглоогүй юм бол?
-Төгөлдөр хуурт зориулсан бүрэн хэмжээний оросын анхны концертыг орос хүнээр тоглуулахыг П.И.Чайковский хүсэж байсан ч талаар болсон. Энэ концертыг Александр Зилоти шинэчилсэнээр илүү алдаршсан бөгөөд өдгөө П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд заавал тоглуулдаг.
-Нэг ижил зохиолыг өөр өөр оронд, харилцан адилгүй танхимд, ялгаатай үзэгчдийн өмнө тоглохдоо та юу мэдэрдэг вэ?
-Би тоглох танхимдаа ороод яаж тоглохоо төлөвлөдөг. Энэ концертын эхний гурван ноотыг вальторноор тоглодог. Тэрийг сонсоод л өөрийн эрхгүй бахархаж, тоглолтоо ямар болохыг төсөөлдөг.
-Өнөөдрийн бэлтгэлийн дараа та сэтгэл хангалуун байсан. Манай хөгжимчид ямар санагдав?
-Юуны түрүүнд удирдаач Б.Анарын тухай онцлон яримаар байна. Би залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллах дуртай. Тэр энэ зохиолоос уйдаагүй байгаа. Дэлхийд алдартай симфони найрал хөгжмүүд энэ зохиолыг хэдэн зуун удаа тоглочихсон байдаг болохоор ялгаатай.
Харин Монголд ховорхон тоглодог учраас уран бүтээлчдэд ч сонирхолтой байгаа болов уу. Хоёр дахь удаагийн сургуулилалтын үеэр симфони найрал хөгжим болон удирдаач маань том алхам хийж чадсан. Одоо бид маш сайн ойлголцож байна.
Монголын сонгодог урлаг сорилтын он жилүүдийг давж, хөгжимчид бэрхшээл туулж байгаа ч ийм үед үнэнчээр уран бүтээлээ хийж буй нь гайхамшигтай юм.
-Таныг “Гранат Мюзик”-ийнхэн Монголд урихад шууд л зөвшөөрсөн үү?
-Мөнхөө бид хоёр консерваторид хамт сурч байсан учраас энэ саналыг би шууд хүлээн авсан. Байнга очдог улс орнуудаараа аялан тоглохоос илүү өөр өөр газарт очих нь сонирхолтой. Гэхдээ би ирэхээсээ өмнө Монгол орныг огт өөрөөр төсөөлж байлаа. Бага байхдаа түүхийн хичээл дээр Монголын тухай уншиж, дараа нь аялагчдын тэмдэглэлээс л төсөөлөлтэй болсон доо.
Харин энд ирснийхээ дараа Улаанбаатар хот маш сайн хөгжиж байгааг олж харлаа. Тэгсэн хэрнээ хажууханд нь өргөн уудам тал нутаг, өв соёл нь зэрэгцэн оршиж байгаа нь бахархмаар санагдсан.
-Та сонгодог хөгжим тоглодог хэдий ч чөлөөт цагаараа рок сонсох дуртай гэсэн. Сэтгэл хөдлөлөө хөгжмийн урсгал чиглэлээр илэрхийлбэл юу гэх бол?
-Рок хөгжимд дуртай. “Radio head” хамтлагийг сонсох дуртай. Гүйж байхдаа “ Beatles”, гуниглабал “Cold play”, бодолд дарагдсан үедээ сонгодог хөгжим сонсдог. Гэхдээ сонгодог хөгжим хамгийн оргил гайхамшиг нь. Хүний сэтгэлийг хөдөлгөж, нөлөөлдөг нууц увдис түүнд бий.
Өнөө орой ДБЭТ-ын тайзнаа Вадим Холоденко Игорь Стравинскийн “ Петрушка” балетын гуравдугаар үзэгдлийн хөгжим, П.И.Чайковскийн “Цөмөөхөй” балетын хэсэг болон Монголын үзэгчдэд зориулсан тусгайлан бэлдсэн тоглолтоо хүргэх юм.
Түүний тоглолтын тасалбар өчигдөр оройн байдлаар зарагдаж дууссан хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байлаа.
Ж.СОЛОНГО