Монгол хүмүүс өгөөмөр сэтгэлтэй, өвдөж зовсон нэгнээ орхидоггүйг батлах бас нэгэн жишээ болсон тоглолт энэ сарын 11-нд РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох нь. “Чамдаа миний хайр” хандивын тоглолтыг зохион байгуулагч нь Дмитрий Таган. Урлагт элэгтэй, тэр дундаа жааз хөгжим, саксафонд дурласан олон хүн түүнийг андахгүй. Тэрбээр нэг хэсэг манай “Пауз” хамтлагтай тоглож, бас өөрийн уран бүтээлээр ч танигдсан хөгжимчин. Дээрээс нь Монголын хүргэн болоод багагүй хугацаа өнгөрсөн тэрбээр 2004 онд “Миний хайртай Монгол” бие даасан анхны тоглолтоо хийсэн. Мөн 2007 онд “Дима +” тоглолтынхоо орлогыг хөгжлийн бэлхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сувилал барихад хандивласан өгөөмөр сэтгэлтэй украин эр юм. Үүнээс гадна Д.Таган Монголын ирээдүйн авьяаслаг саксафончдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй нэгэн. Ийм олон зүйл нуршсан шалтгаан бол өдгөө түүнд бид тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй байна. Учир нь түүний гэргий Б.Ганцацрал хорт хавдрын улмаас БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс “Чамдаа миний хайр” тоглолтыг манай урлагийнхан дэмжиж, хамтран зохион байгуулж буй юм. Эл тоглолтын талаар Д.Таганаас тодрууллаа.
-Дима, “Чамдаа миний хайр” тоглолтыг ганц өдөр л хийх юм уу. Ер нь эмчилгээний зардалд хэчнээн төгрөг хэрэгтэй вэ?
-Юуны өмнө намайг болон гэр бүлийг минь дэмжиж байгаа хүн бүхэнд баярлалаа. Тоглолт энэ сарын 11-нд нэг удаа болно. Миний эхнэрийн эмчилгээний зардалд 50 орчим сай төгрөг хэрэгтэй байгаа.
-Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. Та гурав дахь бие даасан тоглолтынхоо орлогыг монгол хүүхдүүдэд зориулсан. Энэ удаа тоглолтыг манай хамтлаг, дуучид дэмжин оролцох болсон гэж дуулсан.
-Дуучин С.Наран, Б.Сарантуяа, Б.Баярцэцэг, Н.Наранбаатар, Влада Комлева, “Камертон” хамтлагийн Мээдээ, жааз хөгжмийн “Пауз” болон хошин урлагийн “Пароди” хамтлагийнхан биднийг дэмжин ая дуугаа хүргэх болсон. Мөн чавхдас хөгжмийн хамтагийнхан, хөгжимчин, төгөлдөр хуурч гээд олон хүн энэ тоглолтод нэгдэнэ. Та бүхэнд дахин дахин талрхаж буйгаа илэрхийлье. Тоглолт 19.00 цагт эхлэх бөгөөд, тасалбарын үнэ 30.000 төгрөг.
Монголд элэгтэй залууд туслахыг хүсвэл түүнтэй холбогдоорой. Мөн “Голомт” банкны 2015102914 дугаартай дансанд хандаж болох юм.