БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхэлж, БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаад орнуудын болон олон улсын байгууллагын удирдлагатай энэ үеэр уулзах юм байна.
Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаны дараа гадаад орнуудын цэрэг дайчдын жагсаалаар үргэлжлэх юм аж.
Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэргүүд үсгийн дарааллаар жагсах ба монгол цэргийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа юм.
Тодруулбал, Афганистан, Беларусь, Лаос, Мексик зэрэг 9 орны дараа Монголын дайчдын жагсаал гарч ирэх нь. Харин манай дайчдын араас Пакистан, Серби, ОХУ-ын цэргүүд жагсна.
Жагсаалыг МҮОНРТ, TV9, 25TV, Eagle телевиз шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр мордлоо.
Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаныхан ажиллаж байна.