Дорнод Монголын Мэнэнгийн талд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг Монгол” компанийг нутгийн малчид шүүхэд өгчээ.
Тэд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч “хамгаалалтын” дор 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй өнөөдрийг хүрчээ. Нутгийн иргэдийн шүүхэд нэхэмжилснээр, “Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК нь газрын тосны эрэл, хайгуул, олборлолт хийхдээ олон төрлийн химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэдэг.
Түүнчлэн газрын гүн рүү цооног өрөмдөх үед хэрэглэдэг шингэн хаягдлаа хоргүйжүүлж, саармагжуулахгүйгээр шууд шороогоор булдаг нь тэр хавиар нутагладаг малчдын аюулгүй, эрүүл орчинд амьдрахад ноцтой заналхийлж эхэлжээ. Мөн олборлосон газрын тосоо автомашинаар өдөр шөнөгүй зөөдгөөс Мэнэнгийн талын хөрсийг нь эргүүлж их хэмжээний байнгын тоосжилтыг тэнд бий болгодог аж. Тиймээс тэр хавьд нутагладаг малчид нэгдэн нийлж, гэмтээсэн газар, байгаль орчныг нөхөн сэргээх, их хэмжээний тоосжилт бий болгосны улмаас малчдад учирсан хохирлыг “Петрочайна дачин Тамсаг Монгол” компаниар төлүүлэхээр харьяаллынх нь дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн байна. Тус компанийнхан нэхэмжлэлээ энэ сарын 12-ны өдөр шүүхээс албан ёсоор гардан авсан бөгөөд 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргаж өгөх ёстой. Шүүх энэ хэрэгт иргэний хэрэг нэгэнт үүсгэсэн тул 60 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ