Нигерийн умардад цэргийн албан хаагчид хийгээд лалын дайчдын хооронд тулаан болж, албан ёсны мэдээгээр 185 хүн амиа алдсан гэнэ. Хэдэн цаг үргэлжилсэн энэхүү тулаан загас агнах, боловсруулах томоохон төв-Багад “Боко Харам” бүлэглэлийн гишүүдийн байрлаж байсан сүмийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт цэргүүд бүсэлж авснаас үүджээ.
Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилж буйгаар бол мөргөлдөөний үед лалын дайчид гранатомёт хэрэглэсэн бол цэргүүд автомат буугаар орон сууцнууд руу гал нээжээ. Тиймээс оршин суугчид нь гэрээсээ гаран зугтаж ойролцоох сууринд толгой хоргодсон аж. Маргааш өглөө нь байдал намжжээ.
Шуурхай албаныхан болон оршин суугчид 185 хүний цогцос олж нутаглуулжээ. Харин амь үрэгдэгсэд нь дан жирийн иргэд байв уу, эсвэл тэдний дотор лалын дайчид болон цэргүүдээс байсан уу гэдгийг эндхийн эрх баригчид тодруулсангүй. Нигерийн армийн албан ёсны төлөө- лөгчид амиа алдагсдын талаар ам нээсэнг үй. Харин жирийн иргэдийг лалын дайчид “амьд бамбай” болгож ашигласан гэж л мэдээлсэн аж. Чухам лалын дайчид ийн хандсаны улмаас л орон сууцнууд руу гал нээх тушаал өгсөн гэнэ. “Боко Харам” бүлэглэл 2009 онд Нигерийн умардад лалын улс байгуулснаа зарлах оролдлого хийснээс хойш энд лалын дайчдын үйл ажиллагаа идэвхжсэн аж. Тэр үед бослого хөдөлгөөнийг арми, цагдаагийн хүчээр нухчин дарсан бөгөөд 700 орчим хүний амь хохирчээ.
2010 оноос өнөөг хүртэл лалын дайчид болон Засгийн газрын хүчний хоорондын тэмцлийн золиос болж 1548 хүн амиа алдаад байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ