Өмнөд хөршид гарсан H7N9 вирусийн гаралтай шувууны ханиад газар авч байгаа нь тус улсын эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна. Энэ сарын 19 гэхэд 83 хүн өвдсөн тохиолдол бүртгэгдээд байсан бол өчигдрийн байдлаар уг тоо 102-т хүрч, 20 нь амиа алдсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Олон улсын шинжээчид шувууны ханиадны уг вируст дүн шинжилгээ хийж буй гэнэ. Гэвч хүнээс хүнд халдварлаж байгаа эсэхийг нь одоо болтол тодорхойлж чадаагүй байна.
Дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар, вирусээр халдварласан 70 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдвар Хятадын зүүн хэсэг хүртэл газар авч, Шанхайд 33, Жиансү мужид 38, Зежиан мужид гурван хүн өвчилсөн гэсэн тоо байна. Өнгөрсөн лхагва гаригт тус улсын Засгийн газраас зэрлэг шувууны худалдааг түр зогсоох шийдвэр гаргасан бөгөөд олон мянган шувууг нядалсан талаар Синхуа агентлаг мэдээлэв. Тус улсын эрүүл мэндийн байгууллагынхан H7N9 вирусээр халдварласан хүмүүсийн 40 хувь нь гэрийн тэжээвэр шувуугүй бөгөөд шувуутай ямар нэгэн байдлаар ойртоогүй хэмээн мэдэгджээ. Тиймээс судалгааг улам бэрхшээлтэй болгож байгаа аж.
Судлаач, шинжээчид тандалтаа үргэлжлүүлж, өвчлөл үүссэн газар нутаг орчмын 1000 хүнд дахин шинжилгээ хийх гэнэ.
Б.ДУЛАМ