Дэлхийн хамгийн олон уншигчтай “Time” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтыг гаргаснаа танилцуулав. Сая гаруй хүний санал болон үйл ажиллагаа, амжилт бүтээлийг нь харгалзан үзэж ийн нэрлэхдээ дугаарлаагүй аж. Энэ жил “Time” сэтгүүл дээрх жагсаалтыг гаргаж эхэлсний арван жилийн ой тохиож буй гэдгийг сэтгүүлийн эрхлэгч Ричард Стенгел онцолжээ. Улмаар нөлөө бүхий хүмүүст зориулсан тусгай дугаараа долоон өөр хавтасны зурагтайгаар хэвлэн тараасан байна.
2013 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний тоонд Пакистаны эрэлхэг охин Малала, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, дуучин Бейонсе болон түүний нөхөр реппер Жэй Зи, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, шинэхэн пап Франциск, талбайн теннисний од Ли На, Их Британийн гүнж Кэйт Миддлтон нар багтжээ.
Сонирхуулахад, дээрх жагсаалтыг нийтэлсэн дугаарт 100 нөлөө бүхий хүний хөрөг нийтлэлийг Хиллари Клинтон, Селин Дион, Жоди Фостер, Опра Уинфри, Кристин Лагард, Боно нар бичсэн байв.
Т.ЖАРГАЛ