Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Бостон хотноо болсон холын зайн гүйлтийн тэмцээний үеэр тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэргийг мөрдөх явцад Холбооны мөрдөх товчоо хоёр хүнийг сэжиглэн, зургийг нь олон нийтэд тараажээ. Бейсболын хар, цагаан малгай бүхий сэжигтэй хоёр этгээдийн дүрс хэргийн газрын ойролцоох гудамжинд байрлуулсан хяналтын камерын бичлэгт буужээ. Тэд хоёулаа үүргэвчтэй байсан агаад дэлбэрэлт болохоос 13 минутын өмнө буюу орон нутгийн 14.37 цагт “Forum” зоогийн газрын ойролцоо нэг нь цүнхээ газарт тавьж, сэжигтэй үйлдэл хийж буй 30 орчим секундын дүрс бичлэгийг иргэдэд үзүүлсэн байна.
Цүнхэнд тэсрэх бөмбөгийг нуусан байж болзошгүй хэмээн цагдаа нар таамаглаж буй. Ганц энэ бичлэгт үндэслээгүй, аюулгүйн олон камерын дүрсийг нягталсны эцэст дээрх сэжигтнүүдийг эрэн сурвалжлахаар шийдэж, зургийг ийнхүү олонд ил болгосон аж. Уг этгээдүүд зэвсэглэсэн, онц аюултай тул тэдэнд ойртохгүй байхыг Холбооны мөрдөх товчооны агент Ричард Деслауриерс хүмүүст анхааруулжээ. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Митт Ром ни нар Бостонд хүрэл цэн ирж, гэмт хэрэгтэнд хатуу хариуцлага тооцохоо амласан гэнэ. Бостонд жил бүр болдог холын зайн гүйлтийн тэмцээний барианы ойролцоо хоёр бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүн нас барж, 170 гаруй хүн шархадсан. Найман настай хүү Мартин Ричард, 29 настай эмэгтэй Кристл Кэмпбелл болон Бостоны их сургуулийн оюутан, БНХАУын иргэн Лу Линжи нар дэлбэрэлтэд өртөн нас барсан юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН