“Playboy” клуб Энэтхэгийн Гоа мужийн Кандолим наран шарлагын газарт өөрийн салбараа нээхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Харин энэ шийдвэрийг тус улсын Засгийн газраас эрс эсэргүүцэж, хориглосон шийдвэр гаргалаа хэмээн BBC мэдээлэв. Энэтхэг нь “Playboy” компанийн эрхлэн гаргадаг сэтгүүл болон бусад садар самуун агуулгатай хэвлэлүүдийг нутагт нь салбартай болох, худалдах зэргийг эрс хориглож буй юм.
Дээрх клубийг нээхийг хориглох шийдвэр гаргахаас өмнө тус компани ойрын гурван жилийн дотор Энэтхэгт “Playboy” клуб наймыг, арван жилийн дотор 12-ыг байгуулахаар төлөвлөж байсан нь талаар болжээ. Уг клубийг байгуулахыг хориглохоор хэт үндсэрхэг үзэлтнүүдийн Бхаратия Жаната намынхан тууштай тэмцсэн нь ийнхүү амжилтад хүрлээ гэж барууны хэвлэлүүдэд бичжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн жил Шерлин Чопра гэх бүсгүй нүцгэн зургаа уг сэтгүүлийн нүүрэнд тавиулсан нь “Playboy”-ийг “чимсэн” анхны энэтхэг эмэгтэй болж, ихээхэн шуугиан тарьсан билээ.
Т.ЖИГҮҮР