Америкийн Бостон хотод даваа гаригт хоёр ч удаа дэлбэрэлт болж хүний амь үрэгдэж, хүмүүс шархдав. Тэр үед холын зайн гүйлтийн тэмцээн болж байжээ. Эхний дэлбэрэлт тэмцээнд ялагч барианд орсноос хойш гурван цагийн дараа, хэдхэн секунд болоод хоёр дахь нь болсон байна.
Дашрамд хэлэхэд Бостоны холын зайн гүйлтийн тэмцээн дэлхийд нэр хүндтэй арга хэмжээ аж. 1897 оноос хойш явуулж ирсэн тус тэмцээнийг үзэхээр энэ удаа 500 мянган хүн цугларсан байв. 12 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархадсан гэсэн нэг мэдээлэл байхад түүнд өртсөн хүний тоо 90 хүрсэн гэх чимээ ч дуулдана. Тэгвэл цагдаа нар хоёр хүн нас барсан гэж мэдээлжээ. Дэлбэрээгүй хоёр ч төхөөрөмж олдсон гэх мэдээ чих дэлсэв. Түүнийг роботын тусламжтайгаар аюулгүй болгосон гэнэ. Дэлбэрэлт болсон газрын ойролцоо байгаа хүмүүсийг гар утсаа ашиглахгүй байхыг цагдаа нар анхааруулж байсан аж.
Бостон хот даяар гар утас ажиллуулахыг хориглосон гэх мэдээлэл ч байна. Зарим эх сурвалжаар бол Бос тоны холын зайн гүйлтийн барианы газарт болсон дэлбэрэлтийг алсын зайнаас удирдсан бололтой. Эхнийх нь гар хийцийн жижиг төхөөрөмж байж. Дараагийнх нь түүнээс үүдэхээр холбоотой байсан аж. Эхний сэжигтнийг цагдаа нар барьж авчээ. Түүнийг эмнэлэгт, харуул хамгаалалттай байлгаж буй гэхийг бодоход шархадсан юм болов уу. Сүүлд ирсэн мэдээнээс үзвэл гурван хүн нас барсан, нэг нь найман настай хүүхэд гэжээ. Дэлбэрэлтийн улмаас 140 хүн шархадсаны 17 нь ихээхэн хүнд байгаа гэнэ. Дэлбэрэлт тэндхийн 14.50 цагт тэмцээнд оролцогчдын ихэнх нь барианд орсны дараа болсон аж. Болсон үйл явдлыг АНУ-ын эрх баригчид “алан хядах ажиллагаа” гэж үзэж байна. Энэ ажиллагааны хариуцлагыг хүлээхээ хэн ч мэдэгдээгүй боловч Иорданий салафитуудын бүлгийн удирдагч Мохаммед аль-Халби энэ алан хядах ажиллагаанд талархалтай хандаж буйгаа нуусангүй. Түүний үгээр бол “америк цуслалын шашинтныхаас илүү үнэтэй биш” аж. Тэрбээр “Америкийн арми Ирак, Афганистаныг эзлэн авч манай хүмүүсийг алж байхад бидний амссан зовлонг америкчууд бас амсах ёстой” гэж хэлсэн байна.
Мохаммед аль-Халби Иордан дахь АНУ-ын болон өрнөдийн бусад орны ЭСЯ-дад алан хядах ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгагдаж 2003 онд долоон жил хоригдох ял авч байжээ. Түүний толгойлдог лалын радикал үзэлтнүүд (салафит)-ийн бүлгийн үйл ажиллагааг Иорданд хориглосон аж. Дэлбэрэлтийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандсан байна. Дүгнэлт хийх гэж яарахгүй байхыг тэрбээр уриалаад, энэ үйлдлийн эзэн, шалтгаан бидэнд одоогоор тодорхой биш байна гэжээ. Гэхдээ эзнийг нь олж, хуулийн дагуу шийтгэл хүлээлгэхээ амлажээ. Онгоцны нислэгийг хориглож, Бостонд ирэх онгоцнуудыг өөр газар буухыг тушаажээ. Америк даяар аюулгүй байдлын арга хэмжээг хүчтэй болгосон байна. Нью-Йорк хотын метрог оролцуулаад стратегийн чухал цэгүүдэд цагдаагийн хүчийг нэмэгдүүлжээ. Хот даяар түргэн тусламжийн машинуудыг тараан байрлуулж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Вашингтонд Цагаан ордныг эргэн тойрныг бүслэн хаажээ.
Р.ЖАРГАЛАНТ