Төв Африкийн БНУ-ын Парламент босогчдын “Селека” хөдөлгөөний тэргүүн Мишель Жотодияг улсын түр Ерөнхийлөгчийн албанд өнгөрсөн бямба гаригт томилов. Тэрбээр улс орноо 18 сар удирдах аж. Үүний дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж тэр мэдэгдлээ. Түүнийг нэрээ дэвшүүлснийг Шилжилтийн зөвлөл хэмээх зөвлөх байгууллага дэмжиж байсан нь санал хураах үед дэмжлэг болжээ. Түүнээс биш өнгөрсөн сарын сүүлчээр өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан түүнийг хууль ёсны болгохыг зөвшөөрөхгүй байжээ.
Ерөнхийлөгч Франсуа Бозизегийн тэргүүлж байсан өмнөх Засгийн газрын эсрэг хэдэн сар зэвсэгт тэмцэл зохион байгуулсны эцэст төрийн эргэлт хийж Жотодия болон түүний хамтран зүтгэгчид улс орондоо хяналт тогтоогоод байсан юм. Бозизегийн талынхан улс төрийн хоригдлуудыг чөлөөлөх, босогчдыг байнгын армийн бүрэлдэхүүнд оруулах тухай тохиролцоогоо зөрчсөн нь зөрчил тэмцэл үүсэх шалтгаан болжээ. Ерөнхийлөгч байсан Бозизе нь төрийн эргэлтийн дараа хөрш Конго улс руу зугтсан байна. 1960 онд Францын мэдлээс гарч тусгаар тогтносон Төв Африкийн БНУ дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгэнд ордог. Тусгаар тогтносноос хойших хугацаанд тус улсын эрх мэдэл төрийн эргэлтийн замаар нэгээс нөгөөгийн гарт шилжсээр ирэв.
Р.ЖАРГАЛАНТ