Орост хөл тавихыг нь хориглосон америк иргэдийн нэрсийн жагсаалт болох “Магнитскийн нэрс” дотор 104 хүний нэр бий гэж “Коммер сант” сонин өчигдөр мэдээлэв. Эхлээд уг жагсаалтад 71 хүн орсон байж. Оросын эрх баригчид 33 хүний нэрийг түүнд нэмж оруулахаар бэлтгэсэн аж. Оросын төрийн албан хаагчдаас хүний эрх зөрчсөн хэмээн сэжиглэж буй хүмүүсийнхээ нэрсийг Америкийн тал тодорхой болгомогц Оросын тал америкчуудын нэрийг нийтэд зарлах юм байна. “Магнитскийн нэрс”-ийн эцсийн хувилбарыг АНУ-ын Конгресст өгөх бөгөөд энэ сарын 13-наас хэтрүүлэлгүй хэвлэлд нийтлэх гэнэ. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2012 оны эцсээр гарын үсэг зурж баталгаажуулсан “Магнитскийн хууль”-д тусгасан аж.
“Магнитскийн нэрс” дотор ОХУын 280 түшмэлийг оруулахыг Америкийн хууль тогтоогчид шаардсан ч АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанаас олон түмэнд сонордуулах нэрсийн жагсаалтад ердөө 15 хүний нэр орсон гэж Конгресс дэх эх сурвалж энэ сарын эхээр мэдээлсэн билээ. Гэхдээ “Магнитскийн нэрс” нь бас хаалттай хэсэгтэй байх аж. Хэвлэлд бичсэнээс үзвэл, энэ сарын 15-нд хийхээр төлөвлөсөн Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх Том Донилоны айлчлалаас өмнө Орос, Америк хоёр “хар дансаа” солилцох бололтой. Донилон Ерөнхий лөгч Барак Обамагийн хувийн илгээлтийг Вла димир Путинд гардуулж өгөх юм байна.
Илгээлтэд юу гэж өгүүлснийг нууцалж буй. Тэгэхдээ албан бус мэдээллээр бол, хэдийгээр санал зөрөлдөөнтэй асуудал байдаг ч хоёр орны харилцааг муутгаж болзошгүй чиг хандлагыг таслан зогсоох талаар хүчин чармайлт гаргахыг Путинд Обама уриалах бололтой байна. “Хар нэрс”-ийг харилцан нийтлэх юм бол Донилоны айлчлалын зорилго биелэхээ байхад эргэлзэх юмгүй.