Британийн Их Манчестер гүнлэгийн цагдаа нар 16 настай хүүг зодсон хэрэгт сэжиглэн 44 настай эрэгтэй, 14 настай хүүхэд хоёрыг баривчилжээ. Хоёрдмол амьдралтай хүнийг үзэн ядсаны үндсэн дээр хийсэн гэмт хэрэг гэж уг явдлыг үзсэн аж. Үзэл бодлоороо тухайн нийгмийн ихэнхээс өөр хүмүүст гадуурхангуй хандахыг тус гүнлэгт арьсны өнгөөр юм уу шашин шүтлэгээр ялгаварлан хандсан гэмт хэрэгтэй адилтгаж үзэх болсноос хойш гарч буй ийм төрлийн гэмт хэргийн эхнийх нь энэ юм байна.
Ийм гэмт хэрэгт цагдаагийн байгууллагынхан хандах байдлаа өөрчилсөн нь 20 настай Софя Ланкастер гэдэг охины амийг хөнөөснөөс үүдэлтэй аж. Энэ охин мөн л аливаад бусдаас өөрөөр ханддаг нэгэн байж. 2007 оны наймдугаар сард Ланкастерыг найз залуутайгаа цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахад нь өсвөр насны хэсэг хүүхэд маш хэрцгий зодсон байна. Ланкастер хоёр долоо хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Түүнийг зодсон 15, 16 настнуудад насаар нь хорих ял өгч, тэдний хамтрагчдыг 4-5 жил хорихоор шийтгэсэн байна. Сүүлд нь Ланкастерын эцэг, эх нь охиныхоо дурсгалд зориулж сан байгуулсан аж.