Бүс нутгийнхаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нийгмийн оюун санаа-ёс суртахууны хөгжил, үндэстний өөрийн ухамсрыг төлөвшүүлэхэд анхаарахыг Чеченийн удирдагч Рамзан Кадыров уриалав. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Чеченийн хэвлэлүүдийн үйл ажиллагааг уялдуулж байх хүн хэрэгтэй гэж Умард Кавказын энэ БНУ-ын төрийн тэргүүн үзэж өөрийн хэвлэл, мэдээллийн асуудал эрхэлсэн туслах Муслим Хуичевийг тус албанд томилох болжээ. Кадыров өөрийн улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн удирдлагуудтай уулзахдаа энэ сарын 11-нд ийн мэдэгдсэн байна.
Кадыровын үзэж буйгаар өнөө цагийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг тусгаад зогсохгүй “өөрөө энэ байдлыг төлөвшүүлж” байгаа аж. Тийм учраас өөрсдийн мэдээллийн бодлогоо эргэн харж, чеченьчүүдийн үндэсний уламжлал, нийгмийн ёс суртахууны суурийг хүчтэй болгох, хөдөлмөрийг шүтэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхийг зорилгоо болгохыг Кадыров уриалав. Түүнчлэн төрийн ажилтнуудын ажлын дутагдлыг ил гарган тавьж, дэлхий ертөнц, тулгарч буй асуудал, биднийг хүрээлж буй орчинд ихэд анхааралтай хандаж, эрх баригчдыг хатуу шүүмжилж байхыг захижээ. Бодит шүүмжлэл нь төрийн ажилтнуудыг ажлаа сайн хийхэд нь тусална гэж тэрбээр үзэж байна. Үнэлэлт дүгнэлт өгдөг “Медиалогия” компани 2011 онд Кадыровыг Оросын бүс нутгийн хамгийн их шүүмжлүүлдэг Төрийн тэргүүнээр нэр лэж байсан аж.
Кадыров урьд нь сэтгүүл зүйн нөхцөл байдалд илүүтэй анхаардаг байжээ. “Кадыровын зам” сонины ерөнхий редактор Бихлис Дудаева нэгэн томоохон хэвлэлийн бага хурал дээр Путинд тавьсан асуултыг нь Кадыров өдөөн хатгасан шинжтэй гэж үзэж уг сониныг 2012 оны арванхоёрдугаар сард хааж байлаа. Тэгээд “Шинэ сонин” гэдэг хэвлэлийг сэтгүүл зүйн шилдгийн жишээ болгосон байна. Сэтгүүлчдийг нь “үнэнд хүрэх” гэж эрмэлздэг хэмээн магтжээ. “Чеченийн талаар бодит байдлыг хүмүүст хүргэхийн тулд” сэтгүүлчидтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ Кадыров онцолсон байна. Өөрийн үйл ажиллагаа, байр суурийг хүмүүст хүргэхийн тулд Кадыров мэдээллийн хэрэгслүүдийг идэвхтэй ашигладаг гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ