Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд Юн Бен Се Умард Солонгос баллистик пуужингаа хэзээ ч хөөргөж мэднэ хэмээн энэ сарын 10-нд мэдэгдэв. Тэрбээр парламент дээрээ үг хэлэхдээ ийн мэдэгдээд, Пхеньян пуужин хөөргөх магадлал маш өндөр байна гэж нэмж хэлжээ. Түүний үгээр бол 3.5 мянган км хол тусах “Мусудан” пуужин хэрэглэж магадгүй бөгөөд түүнийг хөөргөх төхөөрөм жийг урьдчилан Умард Солонгосын зүүн эрэгт аваачсан байна.
Пхеньяныг өдөөн хатгасан үйлдлээ зогсооход нь нөлөөлөхийг Москва, Бээжингээс Сөүл хүссэнийг сайд Юн Бен Се нэмж хэлжээ. Түүнээс гадна Өмнөд Солонгос болон Америкийн цэргүүд өнгөрсөн лхагва гаригт өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна.
Умард Солонгос пуужин харваж тун болзошгүй талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа ч бас мэдэгджээ. Нэрээ нууцлахыг хүссэн хүн CNN-д мэдээлснээс үзвэл, Пхеньян хөдөлгөөнт пуужингуудынхаа нэгийг ашиглаж магадгүй. Умард Солонгос пуужин харвахын зэрэгцээ цөмийн шинэ туршилт хийхээр бэлтгэж буй гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч урьд нь мэдээлсэн. Харин хожим нь энэ мэдээллийг Өмнөд Солонгосын цэргийнхэн үгүйсгэсэн билээ. Солонгосын хойгийн байдал 2013 оны эхнээс хурцадсан юм. Умард Солонгос хоёрдугаар сард цөмийн ээлжит туршилтаа хийхэд нь НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан. Хариуд нь Америк, Өмнөд Солонгост цөмийн зэвсгээр цохилт өгнө гэж Пхеньян заналхийлж, үл довтлолцох тухай Сөүлтэй байгуулсан гэрээгээ цуцалж, Солонгосын хойгийг орхиж явахыг гадаадынханд санал болгосон юм.