1980-аад онд орлого нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийг гудамжинд гаргаж хаядаг хүйтэн сэтгэлтэй капиталист нийгмийн амьд дүр төрх хэмээн Зөвлөлтийнхөн телевиз үзэгчдээ түүгээр айлгадаг байсан гэдэг. Түүнийг бас “дэвшилт хүн төрөлхтний” дайсны эгнээнд тавьдаг байв. Гэвч Зөвлөлтийн эвсэл унахтай зэрэг Маргарет Тэтчер гэдэг хүн коммунист үл гүйцэлдэх үзлийн сүйрлийг ойртуулсан өрнөдийнхөн, шинэ либералуудын шүтээн болж орхих нь тэр.
Хатагтай Тэтчер Лондон хотын “Риц” гэдэг зочид буудалд энэ сарын 8-ны өглөө эрт амьсгал хураажээ. Тэрбээр 87 настай байв. Түүний тархинд нь цус харвасан аж. Ер нь ч эрүүл мэнд нь сүүлийн жилүүдэд эрс муудаж, 2002 оноос хойш олон түмэнд бараагаа харуулаагүй гэдэг. Гэхдээ энэ бүхэн нь түүнийг мэдээллийн талбарт биеэрээ биш ч гэсэн олны анхаарал татахад нь саад болоогүй.
Яагаад гэвэл түүний улс төрийн үйл ажиллагааны үр дагавар нь ялангуяа Их Британид одоо ч мэдрэгдсээр байдаг юм гэнэ лээ. Тэтчер гэдэг нэр ЗХУ-д, сүүлд Орост улс төрөөс хол иргэдэд ч Черчилль, Чемберлен гэх нэрстэй эн чацуу сонсогддог юм. Түүгээр ч барахгүй “төмөр хатагтай” гэдэг хоч ЗХУ-аас гарч Их Британийн Ерөнхий сайдаас салахаа байж, бүх дэлхий түүнийг ийн нэрлэх болсон юм.
Тэтчер Консерватив намыг тэргүүлэх болмогцоо 1976 онд тосны оронд буу сонгож авлаа хэмээн Кремлийг зэмлэж, Зөвлөлтийн эвслийг дайнд бэлтгэж байна хэмээн ширүүн шүүмжилсэн билээ. Нам нь тэр үедээ сөрөг хүчин байсан ч түүний удирдагчийн шүүмжлэлийг анзааралгүй өнгөрөөх арга байсангүй. Тэгээд “Улаан од” сонинд түүнийг “төмөр хатагтай” хэмээн нэрлэсэн байна. Хатуу чанга, төв төвшин хувцасладаг, уруулаа ихэмсгээр жимийсэн, нүд нь хурцаар гялалзах энэ эмэгтэй Зөвлөлтийн хүмүүст нэг л дотно биш санагддаг байснаас Британийн Засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй Ерөнхий сайд болоход нь ч хэвлэл нь түүний амжилтад баяр хүргэж амжаагүй юм. Ерөнхий сайд болоод түүний хийсэн эхний алхмууд нь л коммунизм хийгээд ажилчны хөдөлгөөнийг тууштай эсэргүүцэгч, өөрийн бодлыг эрс хамгаалагч, томоохон хөрөнгөтний төлөөний хүн Английн Засгийн газрын танхимыг толгойлох болсон нь Кремль бо лоод түүний суртал нэвтрүүлэгчдэд тодорхой болжээ. Цагаан ордонд хүрч ирсэн нь хилийн чанадын шинэ консерва тив үзэлт нүүдийн ялалтыг тунхагласан гэж үздэг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейгантай Тэтчер гадаад бодлогын салбарт дөрөө нийлүүлж байлаа. 1980-аад оны эхээр толгой өвтгөсөн гол юм нь Пентагонд боловсруулсан “Оддын дайны” хөтөлбөр байсан болохоор ЗХУ-ын санааг Британийн Ерөнхий сайд төдийлөн зовоож байсангүй.
Их Британийг мерикийн хамгийн үнэнч дагуул гэж үзэж байсан болохоор Зөвлөлтийн төв хэвлэл, телевизийн сурвалжлагчид анхаарлаа Тэтчерийн “ард түмнийхээ эсрэг чиглэсэн” дотоод бодлогыг шүүмжлэхэд чиглүүлдэг байв. Их Британийн шинэ Ерөнхий сайд тухайн үед асар том хүч болж байсан ҮЭ-ийн байгууллагууд руу маш идэвхтэй довтолж байлаа. Нийгмийн зардлыг хорогдуулж, татварыг нэмсэн Тэтчерийн тэргүүлсэн танхимын мөнгө шүтсэн бодлого нэг талаас инфляцыг боломжит хэмжээнд хүртэл хорогдуулахад тусалж, нөгөө талаас ажилгүйдлийг эрс өсгөв. Үүний улмаас олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ олширч, Британийн рок ертөнц ч улстөржиж, түүний шинэ үе нь анархист үзлээ зүүн радикал үзлээр солив. Салбараа өөрчлөх, алдагдалтай үйлдвэрүүдийг хаах, хүмүүсийг олноор нь ажлаас халах зэргийн эсрэг тэмцсэн уурхайчдын ҮЭ-ийн байгууллагатай жил шахам хугацаанд Тэтчер хэрхэн “үзэлцэж” буйг Зөвлөлтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сайн сурталчилж байлаа. Зөвлөлтийн олон нийтийн байгууллагууд Британийн ажилчдад зориулж сайн дураараа эд зүйлс ч цуглуулж байсан аж. Эдгээрийг тэмцэж буй ажилчдад хүргэж өгдөг байжээ.
Харин Зөвлөлтийн ҮЭ-ийн байгууллагуудаас мөнгөн хандив өгөхийг Тэтчерийн Засгийн газар хориглосон тул Уурхайчдын үндэсний холбоо буулт хийхээс аргагүйд хүрч байжээ. Улсын мэдэлд байдаг өрсөлдөх чадваргүй үйлдвэрүүдийг хааж, тэднийг хувьчилсан нь Их Британид нийгмийн өргөн далайцтай донсолгоон бий болгосон юм. Олноор ажилгүй болж, хөрөнгийн ялгарал ихэссэн нь бүхэл бүтэн хот үүсгэж байсан үйлдвэрүүдийг нь устгаснаар хоосон газар болгож, уналтад оруулсан Йорк шир, Нортумбрийн мэтийн тийм ч чинээлэг бус гүнлэгүүдэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байв. Тэгэхдээ ЗХУ задарсны дараах Оросоос ялгаатай нь Тэтчерийн Засгийн газар эх орон нэгтнүүдээ хувь заяанд нь даатгаж орхисонгүй. Хүмүүсийг давтан сургах олон хөтөлбөр бий болгож, хөгжлөөр арай илүү, ажиллах хүч шаардлагатай байгаа бүс нутгуудад нүүлгэн шилжүүлж байв. Тэтгэвэртээ эрт гарах болон хагас ажилтай байх, жижиг бизнес хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжиж байлаа. Дайны дараа явуулсан бүх нийтээр ажилтай байх бодлоготой энэ шинэчлэл зөрчилдөж, эхэн үедээ сэтгэл зүйн хувьд хүлээж авахгүй байсан юм. Өөрчлөн сайжруулах ажлын дүнд ажил олгогчид хөдөлмөрийн нөөцийг илүү уян байдлаар ашиглаж чадсанаар Британийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дараа нь эдийн засгаа өсгөж, цалинг нэмэгдүүлсэн.
Өнөөгийн сүйрсэн эдийн засагтай Их Британи Тэтчерээр удирдуулсан консерватив чууд 11 жил засаглаж байсанд ач санаж байх ёстой. Хүн бүр өөрийн хувь заяаг шийдэж, өөрийн толгойгоор бодож байх ёстой болохоос биш гачигдаж зовсон, төөрч будилсан хүмүүсээс бүрдсэн төрдөө юмуу хийсвэр нийгэмд өөрийгөө даатгах ёсгүй гэсэн өөрийн итгэл үнэмшлээрээ удирдуулан “Төмөр хатагтай” Британийн нийгмийн бодлогыг огт өөр голдрил руу оруулсан юм. Нийгмийн хариуцлагатай Засгийн газрын тухай мөрөөдлийг нь сүйрүүлж орхисонд зүүнийхэн одоо Тэтчерийг уучилж чаддаггүй. Бизнесийн эрх ашгийг бүхнээс илүүд үзсэн, хөдөлмөрийн чадвартай хүн сайхан амьдрахыг хүсвэл үүний төлөөх хариуцлага өөрөөс нь өөр хэнд ч хамаарахгүй байх энгийн ухаарлыг хайхарч үздэггүй ганцаар захирах нийгмийг байгуулсан гэж тэд Ерөнхий сайдыг зэмлэдэг байв. Тэтчер хэрэв бусад хүмүүст саад болохгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй бол хүлээн зөвшөөрдөг, либерал үнэт зүйлсийн талыг баримталдаг хүн байлаа. Тийм учраас түүний хувьд Рейганы нэгэн адилаар хэдийгээр өмхөрч ялзарч буй ч гэлээ коммунист үзэл суртлаар оршин тогтноод байгаа ЗХУ нь “хорон санааны эзэнт улс” байсан юм.
Зөвлөлтийн намын дээд удирдлагад Михаил Горбачев гарч ирэхэд тэрбээр түүнд шууд анхаарлаа хандуулсан нь тохиолдлын юм биш байв. Зөвлөлтийн шинэ удирдагчийн хувьд “түүнтэй хамтарч ажиллаж болох нь байна шүү” гэсэн дохиог чухамхүү Тэтчер л барууны улстөрчдөд өгч, цаашдаа нэлээд болгоомжтой ч гэсэн түү ний либерал шинжтэй алхмуудыг нь байнга дэмжиж байсан билээ. Тэтчер, Горбачев хоёрын улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа нэгэн цаг үед дууссан юм. Намынх нь дотор санал зөрөлдөөн гарсны улмаас Тэтчер 1990 оны эцсээр Консерватив намын дарга болоод Ерөнхий сайдын албаа орхиход хүрсэн бол нэг жилийн дараа ЗХУ оршин тогтнохоо больсноос Горбачев түүний Ерөнхийлөгч байхаа байсан. Английн Ерөнхий сайд асан огцорсноосоо хойш ч удаан хугацаанд Британийн бодлогод нөлөөгөө хадгалсаар байв. Английн хатан хаан II Елизавета улс төрийн аливаа асуудлаар түүнтэй байнга зөвлөлддөг, өөрийн Танхимын тэргүүн байсан түүний төрсөн өдрөөр нь уулздаг байжээ. 2007 онд Тэтчерт зориулж Британийн Парламентын ордонд хүрэл хөшөө босгосон юм. Тэрбээр уг хөшөөний нээлтэд өөрийн биеэр оролцоод, хөшөөг уг нь төмрөөр хийсэн бол зохимжтой байж гэж хэлсэн гэдэг. Гэхдээ хүрэл гэдэг металл зэвэрдэггүйг Тэтчер хожим нь мэдсэн байна. Тэтчерийн шарилыг Лондон хотод байдаг Гэгээн Павелын сүмд оршуулах бөгөөд ёслолын үед хүндэт харуул жагсаж, Диана гүнж, II Елизаветагийн ээж нарт үзүүлсэн хүндэтгэлийг үзүүлэх аж.
И.РЭНЧИНХАНД