Өнгөрсөн мягмар гаригт Ираны Бушер мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 37 хүн нас барж, 850 гаруй хүн бэртсэн тухай “Reuters” уламжлав. Шираз хотын оршин суугчид хамгийн их хохирол амссан бол Каки хотод ч хөрсний гулгалт гамшиг дагуулжээ. 12 жижиг тосгон сүйдэж, олон мянган хүн орон гэргүй хоцорсон тухай Бушер мужийн амбан захирагч Ферейдон Хасанванд Ираны мэдээллийн “Mehr” агентлагт мэдээлсэн байна. Түүнчлэн эл газар хөдлөлтийн дараа 80 гаруй түлхэлт үүсжээ.
Азаар газар хөдлөлт Ираны Бушер мужаас 18, газар хөдлөлтийн голомтоос 90 километрийн зайд орших “Бушер” атомын цахилгаан станцад нөлөөлөөгүй аж. “Станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цацраг идэвхжлийн түвшин хэвийн хэмжээнд байгааг мэргэжилтнүүд тогтоосон” хэмээн түүнийг байгуулсан ОХУ-ын “Атомстройэкспорт” компанийн удирдах албан тушаалтан “РИА Новости”- д мэдээлжээ. Дашрамд өгүүлэхэд, уг атомын цахилгаан станц нь найман магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй аж.
Иран бол 1986 онд Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа олон улс даяар байгуулсан Цөмийн аюулгүй байдлын конвенцод нэгдээгүй ч атомын цахилгаан станцтай цорын ганц орон юм. Зөвхөн Иран төдийгүй Катар, Бахрейн, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын тэнгэр баганадсан цамхгуудад чичиргээ мэдрэгдэж, оршин суугч, ажилчид нь орхин гарахад хүрчээ. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Иран улс байгалийн гамшгаас болж сүүлийн жилүүдэд нэлээд хохирол амссан билээ. Тухайлбал, 2003 онд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, Ираны зүүн өмнөд хэсгийн Бам хотод 25000 гаруй хүн нас барсан юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН