Энэ сарын 14-нд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулж Венесуэл улс Колумб, Бразилтай залгаа хуурай замын хилээ хаав. Ирэх даваа гаригийн өглөө болтол энд ямар өөрчлөлт, хөдөлгөөн болохыг хатуу хянах зааврыг ДЯЯ нь өгсөн байна. Тогтвортой байдлыг алдагдуулахад хилийн чухам энэ хэсгийг ашиглахаар төлөвлөж буй гэх мэдээлэл авсан гэж энэ үйлдлээ тус яам тайлбарлажээ. Түүнээс гадна болзошгүй хорлон сүйтгэх ажиллагаанаас сэрэмжилж цахилгаан станц, утсан харилцааны шугам зэргийн аюулг үй байдлыг хангах арга хэмжээг авсан аж.
Хорлон сүйтгэх ажиллагаа бэлтгэгдэж буй гэх мэдээллийг эрх баригч намаас нэрийг нь дэвшүүлсэн, одоо Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Николас Мадуро урьд нь өгч байсан юм. Үүнтэй холбоотойгоор 17 хүнийг баривчилж байв. Мөн өөрийнх нь амь насанд халдахаар зэхэж байгаа талаар энэ сарын 7-нд мөнөөх Мадуро бас зарлалаа. Тэрбээр улсынхаа телевизээр үг хэлэхдээ “Шударга сонгуулиар тэд ялж чадахгүй учир намайг алах гэж байгаа юм” гэжээ. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж буй гэх хүмүүсийн дотор Мадуро АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны ажилтан, Сальвадорын “Хэт зүүний хүч”-ийг нэрлэсэн байна.
Венесуэл улс сонгуулийн өмнө хилээ хааж буй энэ үйлдэл нь эхнийх биш ч одоогийнх шиг удаан хугацаагаар үргэлжилж байгаагүй юм байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэх, зэвсэг биедээ авч явахыг хориглож байжээ. Талийгаач Ерөнхийлөгч Уго Чавесын ажлын өрөөг музей болгох шийдвэрийг Николас Мадуро гаргасан байна. Түүний хэлснээр, Чавесын ажлын байр одоогийн байгаа байдлаараа хөндөгдөлгүй үлдэх юм байна. Мадуро өөрөө харшийн нөгөө хэсэгт нь төвхнөх аж. Уго Чавес 2013 оны гуравдугаар сарын 5-нд өвчний улмаас нас барсан юм. Тэрбээр Венесуэл улсыг 14 жил удирджээ.
Р.ЖАРГАЛАНТ