Сомали улсад цэргийн тусламж үзүүлэхээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама татгалзсангүй. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид явуулсан албан бичигтээ “Ийм алхам нь АНУ-ын аюулгүй байдлыг бэхжүүлж, дэлхий дахинд нөлөөлнө” гэж өгүүлсэн байв. Энэ арга хэмжээ нь “Аль болох хэвийн харилцаа” тогтоох гэсэн АНУ-ын эрмэлзлийг тусгаж байгаа бөгөөд “уг шийдвэр аюул заналыг ямар нэг шинэ байдлаар үнэлж цэгнэж буйтай юм уу үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй холбоогүй” гэж Обамагийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч хэлжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Кейтлин Хейден хэлэхдээ “Сомалийн армийг мэргэжлийн болоход нь туслах зорилгоор Зэвсэгт хүчинтэй нь удаан хугацаанд түншлэхийг АНУ төлөвлөж буй юм” гэжээ. Өрнөдийн орнуудын дэмжлэгтэйгээр байгуулагдсан түр Засгийн газрыг лалын шашинтнуудаас хамгаалахаар 2007 онд Африкийн холбооны цэргийн хүчийг Сомалид байрлуулсан юм. Долоон жил үргэлжилсэн Сомалийн шилжилтийн үе 2012 оны есдүгээр сарын 10-нд шинэ Ерөнхийлөгчөө сонгосноор дууссан билээ. Гэлээ ч тус улсын хүмүүнлэгийн салбарт ч, аюулгүй байдлын хүрээнд ч нөхцөл байдал төвөгтэй байсаар байгаа юм.