БНАСАУ цөмийн пуужингийн дөрөв дэх туршилтаа энэ долоо хоногт хийхээр зэхэж буйн шинж ажиглагдах болсон тухай БНСУ-ын Нэгдлийн сайд Рёо Кил-Жэ өчигдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав. Умард Солонгосын коммунист Засгийн газар хэдэн өдрийн өмнөөс хоёр Солонгосын хамтарсан аж үйлдвэрлэлийн “Кэсон” цогцолборт ажилчид болон автомашинуудыг оруулахыг хориглосон байна. Түүнчлэн уг цогцолбор дахь Умардын 13 компани үйлдвэрлэлээ зогсоожээ. Өнгөрсөн ням гаригийн байдлаар 518 иргэн тэндээс гарсан бол өчигдөр БНАСАУын Засгийн газар 39 ажилтанд цогцолбороос гарахыг үүрэг болгосон байна. Тэднийг энэ сарын 10-нд цөмийн пуужингаа хөөргөнө гэж таамаглаж буйгаа Үндэсний аюулгүй байдлын газрын тэргүүн Ким Жан Сү мэдэгджээ. Цөмийн пуужинг хөөргөхөд аль хэдийнэ бэлэн болсон бөгөөд 2500 милийн алсын тусгалтай, Мусудан хэмээх пуужинг хөөргөхөөр зэхэж байгаа болов уу хэмээн АНУ-ын холбогдох албаныхан таамаглажээ. Уг пуужинг зөвхөн туршилт хэмээн таамаглаж буй ч хэрвээ цохилт өгвөл зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй Япон, Зүүн өмнөд Азийн бусад оронд ч аюул нүүрлэх аж. Дашрамд дурдахад, Солонгосын хойгийн хурцадмал байдал улам ширүүсэж буй учраас БНСУ дахь АНУ-ын шилдэг командлагч Жеймс Турман Вашингтон дахь айлчлалаа ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ. Харин Швейцарь улс эл сөргөлдөөнийг намжаахын тулд БНСУ, БНАСАУын хооронд хэлэлцээр зохион байгуулахыг санал болгосон байна. Тэд асуудлыг шийдэх зөв гарц хайхад туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН