Арабын БНЕгипет улсын Ерөнхийлөгч Мохаммед Мурси үнэн алдартны Копт сүмийн хамба II Теодориустай утсаар ярьжээ. Христос, лал шашинтнуудын хооронд болсон мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдаж, 66 хүн шархадсан. Тиймээс Гэгээн Маркийн сүмийн эргэн тойрны аюулгүй байдлыг хангах тушаалыг ням гаригийн шөнө Ерөнхийлөгч өгсөн байна. "Энэ сүм рүү хийсэн аливаа дайралтыг миний эсрэг чиглэсэн гэж үзнэ" хэмээн Мурси хэлээд христос, лалын аль шашинтан байхаас үл хамааран египет хүн бүрийн аюулгүй байдлыг төр хариуцна гэж тэмдэглэжээ.
Амиа алдсан хүнийг оршуулах ажиллагаа улмаар эмх замбараагүй байдал болон хувирч сүмээс гарч ирсэн залуус цагдаа нар руу дайран, чулуугаар шиджээ. Тэгэхлээр нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн аж. Тэгж байтал мөргөлдөөнд лалын шашинтнууд татагдан орсноор байдал тун төвөгтэй болсон байна. II Теодориус хамба хүчирхийллээ зогсоож, асуудалд ухаан зарж, хүлээцтэй хандахыг уриалав. Гэвч өнгөрсөн баасан гаригийн орой болоход амь үрэгдэгсдийн тоо тав болсон байв.
Мөргөлдөөнд оролцогчид харилцан галт зэвсэг хэрэглэсэн байна. Ийм явдал болох эх үүсвэр нь хүүхдүүдийн саваагүй зан байсан гэнэ. Христос шашинтнуудын хүүхдүүд лалынхны нэгэн байшингийн ханан дээр юм зурж орхисон байжээ.