Черногорийн одоогийн Ерөнхийлөгч Филип Вуянович, сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Миодраг Лекич нар өнгөрсөн ням гаригт болсон сонгуульд өөрсдийгөө яллаа хэмээн зарлав. Социалистуудын АН-ыг төлөөлж буй Вуяновичийн штаб зарласнаас үзвэл тэрбээр 51.3 хувийн, нөгөөх нь 48.7 хувийн санал авчээ. Тэгвэл сөрөг хүчний Ардчилсан фронт намыг төлөөлсөн Лекич 50.5 хувийн санал авсан гэж зүтгэж байна.
Түүний үзэж буйгаар бол Вуянович 49.5 хувийн санал авсан аж. Вуянович телевизээр үг хэлэхдээ ч өөрийгөө ялсан гэжээ. Тэгвэл өрсөлд өгчийнхөө мэдэгдлийг Лекич төрийн эргэлттэй зүйрлэж, өөрийг нь дэмжигчид санал хулгайлах явдалтай эвлэрэхгүй гэж хэлсэн байна.
Санал хурааж дууссанаас хойш хоёр хоногт багтаан сонгуулийн албан ёсны дүнг гаргахаа Сонгуулийн комисс мэдэгдэв. 680 мянган хүнтэй Черногорийн хувьд Ерөнхийлөгч нь ёслолын чанартай үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гол эрх мэдлийг Ерөнхий сайд нь эдэлдэг байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Лекич ялчихвал эрх мэдлийг 20 жил эзэгнэж буй социалистуудын байр суурийг ганхуулах юм. Түүнээс гадна сонгуулийн дүнг маргаантай болгох нь гудамжны эсэргүүцэл тэмцэл өрнүүлэхэд хүргэж болзошгүй төдийгүй Черногорийг Европын холбоонд элсүүлэх асуудлаарх яриа хэлэлцээг төвөгтэй байдалд оруулж мэдэх гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ