Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд асан, дэлхий дахинд “төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарет Тетчер 87 насандаа таалал төгссөнийг CNN уламжлав. Их Британийн Засгийн газрыг 11 жил тэргүүлж, Консерватив намын тэргүүнээр ажиллаж байсан тэрбээр 2010 онд 85 насныхаа төрсөн өдрийг британийн иргэдтэйгээ хамт тэмдэглэснээс хойш олны нүдэнд өртөлгүй аж төрж байсан юм.
Тэр өнгөрсөн арванхоёрдугаар сард эмнэлэгт хүргэгдэж, өчигдөр орой гэнэт зүрх нь хаагдан амьсгал хураасан гэж Их Британийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. “Дэлхий чухал хүнээ алдлаа. Тэр бол агуу удирдагч, агуу Ерөнхий сайд, агуу британи хүн байсан юм” гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон гашуудлын үг хэлжээ. Түүнийг нас барах үед хүү Марк Тетчер, охин Кэрол Тетчер нар дэргэд нь байжээ.
Ж.Тэгшээ