Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика Аргентиний Төрийн тэргүүн Кристина Киршнерийг “хөгшин шулам” гэж нэрлэсэн байна. Мухика пүрэв гаригт сэтгүүлчидтэй уулзахаасаа өмнө өөрийнхөө нэг ажилтантай ярилцах үедээ дуу чангаруулагч нээлттэй байгааг анзааралгүй “энэ хөгшин шулам нөгөө долир нүдтээсээ долоон дор” гээд хэлчихсэн аж. Түүний үгийг Өмнөд Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дор нь өлгөн авч уг үг Аргентиний Ерөнхийлөгч Кристина Киршнер, түүний нөхөр, урьд нь мөн Ерөнхийлөгч байгаад, 2010 онд өөд болсон Нестор Киршнер нарт зориулагдсан гэж “оношилсон” байна.
Аргентиний ГЯЯ Уругвайн элчин сайдыг дуудаж эсэргүүцлийн ноот бичиг гардуулжээ. Уругвайн Ерөнхийлөгчийн хэлсэн үг талийгаач Нестор Киршнерийн дурсгалыг байж болшгүй гээр гутаан доромжилсон гэж Аргентиний ГЯЯ үзсэн байна. Харин Ерөнхийлөгч Кристина Киршнер ямар нэг тайлбар хийхээс түдгэлзсэн аж. Гэтэл энэ тухай мэдээ хэвлэлд гарснаас хойш хэдэн цагийн дараа Уругвайн Ерөнхийлөгч, хэлсэн үг нь Кристина Киршнер болон түүний өөд болсон нөхөрт хамаагүй гэж мэдэгдсэн байна. 77 настай Хосе Мухика 2010 оноос Уругвай улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм. Нестор Киршнер 2003 оноос Аргентиний Ерөнхийлөгчийн албыг хашсан бол гэргий Кристина нь 2007 онд түүний суудалд сууж, 2011 онд улиран сонгогдсон.
Р.ЖАРГАЛАНТ