Дэлхийн II дайны үед дэлбэрэлгүй үлдсэн тэсрэх бөмбөгийг Берлиний төмөр замын төв буудлын ойролцоох газраас олж, өчигдөр аюулгүй болгосон тухай “RTT News” уламжиллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн, 220 фунт (100 кг) орчим жинтэй уг бөмбөгийг дайн дууссанаас хойш бараг 70 жилийн дараа төмөр замаас хоёр метрийн зайд, барилгын талбай дээрээс олсон байна. Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохын тулд Берлин хотын төвийн дүүргээс 800 гаруй хүнийг гаргажээ.
Тусгай багийнхан 25 минут ажилласны эцэст дэлбэрэх аюулыг зайлуулж чадсан байна. Хэрвээ бөмбөг тэсэрсэн бол 3-4 метрийн эргэн тойронд, гурван метрийн гүнд хүртэл ул мөрөө үлдээх байжээ. Дэлхийн II дайны үед Холбоотнууд одоогийн ХБНГУ-ын газар нутагт хаяж байсан тэсрэх бөмбөг Берлин болон Германы бусад хотод маш олон байгааг шинжээчид тэмдэглэсэн байна.
Дашрамд сануулахад, мөн дайны үеийн 250 кг жинтэй тэсрэх бөмбөгийг өнгөрсөн наймдугаар сард Мюнхен хотод нэг метрийн гүнээс илрүүлж байсан билээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН