АНУ-ын эсрэг чиглэсэн “хайр найргүй” цохилт өгөхөөр эцэслэн тохирлоо хэмээн Умард Солонгосын эрх баригчид мэдэгдэв. АНУ-ын дайсагнасан бодлогод “цөмийн цохилтоор” хариу барихад бэлнээ зарлалаа. “Тэсрэх цаг маш ойртож байна” гэж тэдний гаргасан илгээмжид дурдсан байна.
Солонгосын хойг дээрх дайн “өнөө маргаашгүй эхэлнэ” гэж түүнд өгүүлжээ. Зөрчлийг шатлан өргөжүүлсний бурууг Өмнөд Солонгостой цэргийн хамтарсан сургууль хийсэн АНУ-д бүхэлд нь тохож буйгаа Умард Солонгос нуулгүй мэдэгдэж буй. Тэгэхдээ энэ нь сүүлийн үед Америкийн эсрэг Пхеньяны хийж буй анхны заналхийлэл биш юм.
Японд байгаа Америкийн цэргийн баазуудад цохилт өгнө гэж гуравдугаар сарын 21-нд заналхийлсэн бол АНУ-ын эх газрын нутгуудад болон Хавай, Гуам арал цохилт өгнө хэмээн тав хоногийн дараа мэдэгдэж байв. Тэгвэл Гуам арал дээрх пуужин эсэргүүцэх хамгаалалтаа бэхжүүлснээ Пентагон энэ сарын 3-нд мэдэгдсэн билээ. 2012 оны арванхоёрдугаар сард Умард Солонгос хиймэл дагуул хөөргөж, түүнийг нь баллистик пуужин харвалаа гэж олон орон үзсэнээс эхлэн Солонгосын зөрчилдөөн хурцадсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Умард Солонгос дахин цөмийн туршилт хийсний дараа байдал бүр түвэгтэй болов.
Дунд тусгалын баллистик пуужин “Мусудан” байж тун болзошгүй объектыг БНАСАУ нутаг дэвсгэрийнхээ зүүн эрэг рүү шилжүүлж байгааг Өмнөд Солонгос өчигдөр мэдэгдэв. Японы “Асахи шимбүн” сонин ч энэ талаар бас мэдээллээ. Гэхдээ албан ёсоор нотолсон юм алга. Ер нь бол Умард Солонгос үнэхээр пуужин харвах гээд байгаа, эсвэл “хүч чадлаа” харуулах гэсэн оролдлогын алин болохыг нотолсон зүйл алга. “Мусудан” пуужингийн үйл ажиллагааны хүрээ нь 3000 орчим км-ийг хамрах чадалтай нь Өмнөд Солонгос, Японы нутаг дэвсгэр болон Номхон далай дахь Гуам арал түүний хараанд бүрэн багтаж буй гэсэн үг.
Р.ЖАРГАЛАНТ