Төрийн албаас хөндийрснөөсөө хойш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон анх удаа олныг хамарсан арга хэмжээнд оролцож, 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг нэрээ дэвшүүлээсэй гэж хүсэж буй хүмүүстээ урам хайрлав. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсны төлөө шагнал гардуулах үеэр тэрбээр Кеннедигийн нэрэмжит урлагийн төвд 12 минут үг хэлжээ.
Яг хоёр сарын өмнө Төрийн департамент дэх албаа Жон Керрид өгсөн Хиллари сүүлийн жилүүдэд энэ сэдэвт илүүтэй анхаарч, хөгжиж буй орнуудын албаны хүмүүстэй уулзах үеэр уг асуудлыг нэг бус удаа хөндөж байсан юм. Тэрбээр 1990-ээд оны дундуур улс орныхоо Тэргүүн хатагтай байх үедээ Хятадад албан ёсны айлчлал хийж байхдаа “Эмэгтэй хүний эрх гэдэг чинь хүний эрх юм” гэсэн алдартай үгээ хэлж байсныг нь АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден энд бас сануулав.
Хиллари одоогийн байдлаар эх орон нэгтнүүдийнхээ 67 хувийн дэмжлэг хүлээхээр байгаа аж. Төрийн албыг орхихдоо Хиллари 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх асуудлыг нээлттэй үлдээсэн юм. “Маргааш юм уу, нэг жилийн дараа чухам юу болохыг урьдчилан хэлэх боломжгүй” гэж тэр хэлсэн. 2008 онд энэ эмэгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Барак Обамад ялагдсан билээ.
65 настай Хиллари Клинтон АН-ынхан дотроо нэртэй улстөрчдийн нэг бөгөөд улс төр судлаачдын үзэж буйгаар Төрийн тэргүүний үүргийг амжилттай биелүүлж чадахад шаардагдах чухал чанарууд түүнд байгаа юм. Тэгэхдээ сэтгэл зовоох нэг юм зүйл нь эрүүл мэндийн байдал гэнэ. Өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр түүнийг олны өмнө нэг сар орчим хугацаанд гаргахгүй байх шалтгаан мундахгүй байлаа. Эхлээд Европт явж байх үедээ өвчин тусаж, дараа нь гэрийнхээ хажууд унаж тархиа гэмтээсэн байна. Ойрын үед юу хийхээр төлөвлөж буй тухайд томоохон улстөрчдийн жишгээр төлбөртэй лекц унших аж.
Нэг удаагийн шагнал нь 200 мянган доллараас доошгүй байх бололтой. Хиллари Төрийн нарийн бичгийн дарга байхдаа жилд 186 мянган доллар авдаг байжээ.