Өөрийг нь төрийн тэргүүний сонгуульд оролц хэмээн талийгаач Уго Чавес адисласан гэж Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро ярьжээ. Тэрбээр Чавесын төрсөн нутаг Баринасын сүмд мөргөл хийж байсан чинь нэгэн шувуу орж ирээд толгойг нь гурав тойрсноо дуу авиа гаргаж эхэлсэн гэнэ. Тэр дуу авиа нь Чавес “Тулаан одоо эхэлж байна. Ялалт руу алхаад” гэж хэлж байх шиг санагдсан аж.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ажил уржигдар албан ёсоор эхэлсэн юм. Уг сонгуульд Чавес амьд ахуйдаа өөрийн залгамжлагчаар зарласан Мадуро, Миранда муж улсын амбан захирагч Энрике Каприлес нар өрсөлдөнө. Олон нийтийн санал асуулгаар Мадуро өрсөлдөгчөөсөө 11-20 хувийн саналаар тэргүүлж яваа аж.