Умард Солонгосын Эдийн засгийн онцгой бүс-Кэсоны аж үйлдвэрийн парк дахь заводад ажилладаг Өмнөд Солонгосын 484 хүнийг энэ сарын 3-нд нутаг дэвсгэр рүүгээ оруулахаас Пхеньян татгалзав. Түүгээр ч барахгүй Кэсонд 861 хүн байсаар байхад хил дээр 179 ажилтныг баривчилсан байна.
Энэ үйлдэлдээ Умард Солонгосын тал ямар нэг тайлбар хийсэнгүй. Сөүл “өдөөн хатгалгаа” үргэлжлүүлсээр байвал Өмнөд Солонгосын иргэдийг Умардын аж үйлдвэрийн парк руу оруулахаа болино гэж БНАСАУ-ын эрх баригчид хэд хоногийн өмнө заналхийлж байсан юм.
Эдийн засгийн энэ онцгой бүс хоёр Солонгосыг заагласан хилээс холгүй оршдог аж. Энд Умард Солонгосын олон арван мян ган хүнийг ажлаар хангадаг Өмнөд Солонгосын 150 орчим жижиг, дунд үйлдвэр бүхий цогцолбор байдаг байна. Сүүлийн хэдэн долоо хоногт хоёр Солонгосын харилцаа үлэмж хурцдаад байгаа юм. Тэр ч бүү хэл энэ харилцаа “дайны цагийн байдалд орлоо” гэж Умард Солонгос нь өнгөрсөн сарын 30-нд мэдэгдсэн билээ. Америк, Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургууль хийгээд холын тусгалтай пуужин хөөргөж, цөмийн гурав дахь туршилт явуулсны нь хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгост тавьсан хоригоо чангалсан нь Пхеньян бухимдал төрүүлж байна гэж өөрсдөө хэлдэг.
Удирдлагыг нь Кэсон руу оруулахгүй байгаа ч үйлдвэрүүд нь хэвийн дэглэмээр ажиллаж байгаа аж. Кэсонд хэрэгжүүлж буй энэ төсөл Умард, Өмнөдийн Эдийн засгийн хамтын ажиллагааны цорын ганц баримт юм. 2000 онд Пхеньянд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нарын хийсэн дээд хэмжээний уулзалтын анхны түүхэн үр дүн болж энэ төсөл хэрэгжиж эхэлсэн гэдэг. Одоо Кэсонд Өмнөд Солонгосын 123 үйлдвэрт 800 хүн ажиллаж буй аж.
Р.ЖАРГАЛАНТ