"Хамас" хөдөлгөөний тэргүүнээр Халед Машаль дөрвөн жилийн хугацаагаар дахин сонгогдов. Машаль улиран сонгогдохоор нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдэж байжээ. Албан бус эх сурвалжаар бол түүний нэрийг дэвшүүлэхийг Гаазын зурвас дахь "Хамас"- ын удирдагчид эсэргүүцсэн байна. Гэвч "Хамас" хөдөлгөөнд өөрийн гэсэн бие даасан өнгө төрх бий болгож, Арабын ертөнцтэй харилцаагаа хэвийн болгосон түүнийг сонгохоос аргагүй байдалд "Арабын хавар" гэж дэлхий дахинаар нэрлэх болсон үйл явдал хүргэсэн аж.
"Хамас" хөдөлгөөн Гаазын зурвас, Иордан голын баруун эргийн дөрвөн салбараас бүрддэг байна. "Хамас"-ын тэргүүнийг сонгохдоо байгууллагын удирдагчдын Шура хэмээх зөвлөл шийдвэр гаргадаг. Бүлэг бүр төлөөлөгчөө Шурагийн зөвлөлд сонгож, дараа нь Улс төрийн товчоог бүрдүүлдэг аж. Чухал шийдвэрийг энэ Товчоо гаргана. Машалийг тэргүүнээр сонгох ажиллагаа Каир хотод болсон бөгөөд чухамхүү Улс төрийн товчооныхны хүрээнд болсон байна. "Хамас" хөдөлгөөнийг Машаль 1996 оноос тэргүүлж буй юм.