Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуульд оролцуулахаар Японд байсан Ф-22 сөнөөгч онгоцуудаа АНУ шилжүүлж авчирлаа гэж БНСУ-д байгаа Америкийн цэргийн командлалаас өнгөрсөн ням гаригт гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
“БНАСАУ заналхийлж, өдөөн хатгаснаар юунд ч хүрэхгүй, харин түүний ганцаардмал байдлыг улам гүнзгийрүүлж, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар тавьж буй олон улсын хүчин чармайлтын үр дүнд сөргөөр нөлөөлнө” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн Солонгосын хойгийн түгшүүртэй байдлын түвшинг бууруулахыг Пхеньянд уриалсан байна.
Бөмбөгдөгч онгоцуудыг Япон дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний Кадэн баазаас БНСУ-ын Осан баазад авчирчээ. “Төсвийн хүндрэлтэй байдлаа үл харгалзаж цэргийн сургууль хийж буй нь түрэмгийллийг зогсооход АНУ-ын агаарын цэргийн хүчнийг ашиглах, БНСУыг хамгаалах, түүний эсрэг аливаа халдлагад цохилт өгөхөд бэлэн байгаа эсэхийг шалгах чухал ажиллагаа” гэж мөнөөх мэдэгдэлд өгүүлсэн байна. Сургалт дөрөвдүгээр сар дуустал үргэлжлэх бололтой. “Солонгосын хойгт дайн, энхийн аль нь байгаа нь үл мэдэгдэх байдал дууссан. Энэ мөчөөс эхлэн Өмнөд Солонгостой дайны байдалтай боллоо” гэж БНАСАУ-ын Засгийн газар өнгөрсөн бямба гаригт албан ёсоор мэдэгдсэн юм. Тус улсын удирдагч Ким Жөн Ун “Эдийн засгийн өөрчлөлт, цэргийн цөмийн хүчээ хөгжүүлэх ажлыг нэгэн зэрэг хийнэ” гэж хэлэв.
ИТАРТАСС- ын мэдээлж буйгаар Умард Солонгосын өнцөг булан бүрт олон нийтийг хамарсан цуглаан болж, удирдагч Ким Жөн Унаа тойрон нягтрахыг, АНУ хийгээд Өмнөд Солонгосын тоглоомын дэглэмийг оролцуулан түрэмгийлэгчидтэй хийж буй олон жилийн бүх нийтийн тэмцэлд эцсийн ялалт байгуулахыг уриалж байгаа аж. Вашингтон, Сөүлийн хийж буй өдөөн хатгалгад шийдвэртэй цохилт өгөхийн чухлыг онцолсон тус улсын удирдлагын албан ёсны мэдээг өнгөрсөн долоо хоногт олны сонорт чадлын хэрээр хүргэв. Хурал, цуглаан дээр “Америкийн империалистуудад үхэл”, “Ам хэлнээс ажил хэрэгт шилжих цаг болов" гэх мэт үгтэй лоозон харагдаж, Ажилчин-тариачин, залуучуудын улаан гвардын төлөөлөгчид үг хэлж, Солонгосын ардын армийн дайчидтай хамт дайсантай үхэлдэн тэмцэлдэж, Номхон далайд байгаа Америкийн баазыг устгаж, Цагаан ордон, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн өргөөг дэлбэлэхийг уриалж байцгаана. “
Солонгосын хойгт цөмийн дайны гал өрдөж чадах өдөөн хатгагчдыг өршөөлгүй шийтгэх Солонгосын удирдагчийн шийдвэрийг ард түмэн нь, арми нь хүлээж байна” гэж ЦТАК агентлаг нь тэмдэглэв. Түүний мэдэгдэлд өгүүлснээр Умард Солонгосын Улаан гвардийн отрядууд “байлдааны бүрэн бэлэн байдалд” бүх үйлдвэр, ХАА-н хамтралуудад байгаа аж. Завод, фабрикууд байлдааны цагийн дэглэмд хүссэн цагтаа шилжиж, дайсны зүгээс үзүүлж болох агаарын цохилтоос хамгаалах бүхий л арга хэмжээ авахад бэлэн болсон гэнэ. Өдөөн хатгасан тохиолдолд Гуам, Хавай дахь АНУ-ын цэргийн бааз, Өмнөд Солонгост цохилт өгөхөд стратегийн пуужингийн цэргийн техникийн бэлтгэлийг хангах сүүлчийн төлөвлөгөөг Ким Жөн Ун Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн хувьд баталж, гарын үсгээ зурсан байна.
Р.ЖАРГАЛАНТ