Талибуудад буудуулсан 15 настай пакистан охин Малала Юсафзайн амьдралын түүхийг ном болгон хэвлэх болжээ. Охидод боловсрол олгохыг уриалсныхаа төлөө тэрбээр Афганистан, Пакистаны хилийн ойролцоох Сватын хөндийд талибуудын бууны суманд өртсөн билээ. “Би бол Малала” нэртэй уг номыг ирэх намар хэвлэхээр төлөвлөсөн агаад Юсафзайд хоёр сая фунт төлөхөөр тохирсон аж. Тэрбээр “Энэ ном дэлхийн өнцөг булан бүрт хүрнэ гэж найдаж байна. Тэгэхээр хүмүүс зарим хүүхэд боловсрол эзэмшихэд хэчнээн хэцүү байдгийг ойлгох байх. Энэ нь надаас гадна боловсрол эзэмшиж, эрхээ эдэлж чадахгүй байгаа 61 сая хүүхдэд хамаатай асуудал” хэмээжээ. Их Британид “Weidenfeld & Nicholson”, харин бусад улсад “Little, Brown” групп уг номыг хэвлэн түгээх аж. Малала Юсафзай 2009 оноос хойш нууц нэр ашиглан BBC агентлагийн блогт Сват хөндийн амьдралын талаар бичиж байжээ. Тухайн үед талибууд охидод боловсрол олгохыг хориглож байсан аж. Тэрбээр үүнийг эсэргүүцэж, Пакистан төдийгүй олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр хэдэнтээ гарснаас хойш талибуудын хараанд өртсөн аж. Өнгөрсөн оны аравдугаар сард зэвсэгт этгээд сургуулийн автобус руу халдаж, Малалаг толгойн тус газарт нь буудсан билээ. Түүний дараа Юсафзай Их Британийн Бирмингам дахь Хатан хаан Элизабетын эмнэлэгт эмчлүүлж, гавлын яс нөхөх хагалгаанд өнгөрсөн сард орсон байна. Харин энэ сарын эхээр Бирмингам хотноо сургуульд явж эхэлсэн аж. Буудуулснаас нь хойш Юсафзайд энхтайвны хэд хэдэн шагнал олгосон бөгөөд тэрбээр Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшсэн хамгийн залуу хүнээр тодорсон юм. Түүнчлэн НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн жил бүрийн арваннэгдүгээр сарын 10- ныг Малалагийн өдөр болгон тэмдэглэхээр зарласан.