Паралимпийн ойрын зайн гүйлтийн аварга, Өмнөд Африкийн бэлгэ тэмдэг болсон алдарт тамирчин Оскар Писториус одоогоос хоёр сарын өмнө найз бүсгүйгээ буудаж хөнөөсөн хэрэгт холбогдсон. Тамирчин үүнийг санаандгүй явдал байсан гэж мэдүүлэг өгсөн ч шүүх, цагдаа болон хохирогчийн гэр бүлийнхэн ингэж үзэхгүй байгаа. Тэгвэл өчигдөр болсон шүүх хурлаар Оскар Писториусын хэргийг нэг тийш болгож шийдэх хүртэл гадаад улсад зорчихийг хориглосон тухай CNN мэдээллээ. Улмаар шүүхээс түүний гадаад паспортыг хурааж авсан байна. Энэ нь тодорхой бус хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон гэсэн үг юм. Хэрэг гарахаас өмнө тэрбээр ирэх наймдугаар сард Москвад болох Дэлхийн аваргын тэмцээнд улсаа төлөөлөн оролцохоор бэлдэж байжээ. Олон улсын хөнгөн атлетикийн нийгэмлэгийн менежер Яннис Николау “Хэдийгээр энэ бидний оролцох асуудал биш боловч тамирчны тэмцээн, уралдаанд оролцох эрхэд халдаж байгаа нь тоогүй” хэмээн ярьжээ. CNN-ийн мэдээлж буйгаар, шүүхийн эцсийн шийдвэр ирэх зургадугаар сарын 4-нд гарах бололтой.
Т.Жиг ҮҮр