Шинэ Пап I Фрэнсис уржигдар, өглөгийн пүрэв гаригийг тохиолдуулан Ромын ойролцоох залуучуудын хорих ангид очиж, хоригдлуудын хөлийг угааж өгсөн тухай BBC агентлаг мэдээлэв. Улаан өндөгний баярын өмнөх ариун долоон хоногийн үеэр мянга мянган мөргөлчин, жуулчин Ромд хүрэлцэн ирж, уламжлалт ёслолуудад оролцдог аж. Пүрэв гаригт Пап Гэгээн Петрийн сүмд хийсэн номлолынхоо үеэр санваартнуудад өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандаж, нүглээ наманчлахаасаа өмнө энгийн ард, мөргөлчидтэй цагийг өнгөрөөхийг хүссэн байна. Удаа нь тэрбээр Ромын “Casal del Marmo” залуучуудын хорих ангид зочилж, Есүс цовдлуулахынхаа өмнөх орой шавь нарынхаа хөлийг угаадаг тухай Библид өгүүлдэгчлэн 12 залуу хоригдогчийн хөлийг угааж, үнссэн тухай Ватиканы радиогоор дамжуулсан аж. Тэдгээр 12 хоригдлын дунд хоёр охин байсны нэг нь Италийн католик, нөгөө нь Сербийн ислам шашинтан байжээ. Пап Фрэнсис хоригдлуудын хөлийг угаасан нь Ватиканд энгийн байдал авчирч, хөл угаах ёслолын уламжлалыг эвдсэн үйл явдал болохыг дэлхийн хэвлэлүүд тодотгожээ. Үе үеийн папууд Ромын аль нэгэн сүмийг сонгон, мөргөлчидтэй угаалга үйлддэг байсан аж.