Дэлхий ертөнцийн сонин хачин дуусашгүй, хүн төрөлхтний хийж бүтээсэн нь агуу бөгөөд их. Түүний нэгээхэн хэсэг болох Памуккалегаар уншигч таныг аялуулъя. Цэнхэр гаригийн сониуч жуулчдыг Турк улсын зүг соронзон мэт татдаг хүч бол Памуккале. Энэ үгийг хөрвүүлбэл “хөвөн ордон” гэсэн утгатай аж. Эрт урьд цагт царай муутай, ганц бие залуухан охин амьдардаг байж. Хүний сэтгэл татах нь битгий хэл хараад цочмоор төрхтэй түүнтэй гэрлэхийг хэн ч хүсдэггүй байсан нь охиныг сэтгэлээр унахад хүргэжээ. Нэгэн өдөр охин амиа хорлохоор шийдэж, Памуккалегийн ус руу үсэрч гэнэ. Гэтэл охин шидэт рашааны увдисын хүчээр үзэсгэлэн төгс эмэгтэй болон хувирав. Түүгээр ч зогсохгүй Денизли мужийн нэгэн ноёны сэтгэлийг булааж, удалгүй гэрлэжээ. Турк улсын Денизли мужид орших хөвөн ордны энэхүү домог 2000 жилийн тэртээгээс ам дамжин ирсэн түүхтэй. Памуккале гэдэг нь Италийн алдарт цагаан шохойн чулуун сан бүхий халуун рашаан юм.
Эртний Грек, Ром буюу Византын үеийн Гераполис хотынхон уг рашааныг МЭӨ II зуунаас усан сан буюу спа болгон ашиглаж иржээ. Гераполис нь өнөөгийн Туркийн Денизли муж юм. Нийт 2700 м урт, 600 м өргөн, 160 м өндөр цагаан “цайз”-ыг тухайн үед ямар ч цемент ашиглалгүй, зөвхөн 100 гаруй том цагаан чулууг доош цувсан мая гаар зай завсаргүй өрж, “урлажээ”. Дундаа гүн хонхорхойтой уг чулуунуудыг дамжин 35-57 градусын байгалийн халуун рашаан 320 метр зам “туулан” урсдаг байна. Эртний грек, ромчууд нүүрсхүчлийн давс хүний биед онцгой ач холбогдолтойн нууцыг мэддэг байж. Тиймээс ч Памуккале буюу эртнийг спаг байгуулж байж. Халуун рашааны найрлагад хамгийн ихээр агуулагддаг нүүрсхүчлийн давс нь усыг зөөлрүүлж, шохойн чулууг бэхжүүлдэг шидтэй аж. Тиймээс хүмүүс усанд ороод зогсохгүй эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэсээр ирж. Учир нь энэ нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, хүний бие дэх хүчиллэгийг тэнцвэржүүлдэг юм байна. Түүнээс гадна хүхрийн хүчлийн давс, төмөр, кальци кар бонат, хөнгөн цагаан зэрэг олон эрдэс рашаанд агуулагддагийг эртний хүмүүс мэддэг байсан тул Памуккалегийн эмчлэх болон гоо үзэсгэлэнтэй болгох нууцад итгэдэг байжээ.
Цусны даралт ихсэх, өвдгөнд яс ургах, багтраа, үе мөчний өвчин, хуян, шар ус, нүд, арьсны өвчнийг анагаахын зэрэгцээ оюуны болон биеийн алжаалыг тайлдаг тул хөвөн ордонд хүний хөл тасардаггүй. Аялал жуулчлал бол Денизлигийн эдийн засгийн гол хүч. Гэвч XX зууны дунд үед эдийн засагтаа хэтэрхий анхаарч, Герополис хотын туурин дээр зочид буудал барьж, Памуккалегийн дундуур нь зам тавьсны улмаас байгалийн үзэс гэлэнт цогцолбороо сүйрүүлэх шах жээ. 1984 оноос халуун рашаан бүхий цогцолборыг Гераполисын археологийн музей болгон ашиглах болсон байна. Уг музейд хүрэл зэвсгийн үеийн гайхалтай сонин олдворуудыг дэлгэн харуулдаг байж. Гэвч хэтэрхий олон хүн хөлхөлдөж, дээш, доош зогсоо зайгүй давхилдах моторт дугуйн хөдөлгөөнд цагаан чулуунууд эвдэрч, их хэмжээний хохирол учруулжээ. Азаар 1988 онд тус газрыг Гераполис-Памуккале нэрээр Дэлхийн өвд бүртгэснээр энэ байдал дуусгавар болсон байна. Улмаар зам, буудал, хиймэл усан сан зэргийг нурааж, рашаан дотор гуталтай орохыг хүртэл хориглосон нь байгалийн хосгүй цогцолборыг хамгаалсан зөв алхам болж чаджээ. Измирээс зүүн тийш, 250 км зайтай орших хөвөн ордныг өдгөө ч байгалийн спа болгон ашигласаар буй. Жилийн дөрвөн улирлын турш зөөлөн дулаан, нэгэн хэвийн уур амьсгалтай байдаг энэ газрыг сая сая жуулчин зорин ирдэг аж.
Р.ОЮУНЦЭЦЭГ