Их Британийн тагнуулын байгууллага МИ-6-гийн хүсэлтээр АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Оросын бизнесмэн Роман Абрамовичийг Борис Березовскийн үхэлтэй холбогдуулан баривчлаад сулласан аж. Гэтэл эзнийг нь баривчилсныг Абрамовичийн хэвлэлийн алба үгүйсгэв. Гэхдээ Абрамович АНУ-д байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Роман Абрамович өнгөрсөн онд олигарх Борис Березовскийтой шүүхдэлцээд ялсан юм. Тэдний маргааны гол үндэс нь Березовскийн аргагүйн эрхэнд худалдсан “Сибнефть” болон “Русал”-ын хувьцааны асуудал байв. Тэгэхэд Роман Абрамовичийн зүгээс үзүүлсэн дарамт шахалтын улмаас тэдгээр хувьцааг бодит үнээс нь олон дахин хямдаар зарлаа гэж Березовский хэлж байжээ. Роман Абрамович бол Оросын нөлөө бүхий бизнесмэн бөгөөд металлургийн “Evraz Group”, хөлбөмбөгийн “Челси” клубийн эзэн юм.
Forbes сэтгүүлд бичсэнээр Абрамович 10.2 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуудын жагсаалтын 107-д бичигдэж буй. 1990-ээд онд “Сибнефть”-ийг Борис Березовскийтэй хамтран эзэмшиж байв. Тэрбээр 2008 оноос Чукоткийн Парламентыг тэргүүлж байсан бөгөөд урьд нь 2000 оны арванхоёрдугаар сараас 2008 оны долдугаар сард Чукоткийн амбан захирагч байсан юм. Абрамович гэргийгээсээ салсан бөгөөд хоёр дахь авгай нь таван хүүхэд төрүүлжээ. Одоо тэрбээр нефтийн магнат Александр Жуковын охин, загвар өмсөгч Дарья Жуковатай уулзаж, учирсаар байгаа гэдэг. Энэ эмэгтэй 2009 онд Абрамовичид хүү төрүүлж өгчээ.