Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушаррафын суусан онгоц энэ сарын 24-ний өглөө Карачи хотод газардав. Тавдугаар сарын 11-нд болох бүх нийтийн сонгуульд оролцохоор тэрбээр эх орондоо эргэн ирж буй нь энэ аж. Умард Вазиристанд болсон 17 хүний аминд хүрсэн алан хядах ажиллагааг тэр дурсаад "Бид алан хядах болон хэт даврагч үйл ажиллагааг дарах ёстой" гэж мэдэгдсэн байна. Пакистанд одоо нэлээд нөлөөтэй болоод байгаа "Талибан" хөдөлгөөн Мушаррафыг хорооно хэмээн заналхийлсэн төдийгүй энэ зорилгоор амиа золиослогчдын баг бэлтгэсэн гэж ярьсан аж. Тиймээс Мушаррафыг ирж буйд зориулж баярын жагсаал хийхээр зэхэж байсныг болиулахад хүрчээ.
Пакистаны армийн хурандаа Первез Мушарраф 1999 онд цус гаргалгүй төрийн эргэлт хийж улс орныхоо эрх мэдлийг булааж авсан юм. 2008 онд тэрбээр өрсөлдөгч Асиф Али Зардарид ялагдаж Ерөнхийлөгчийн суудлаа орхисон билээ. Түүнээс хойш Лондонд амьдарч байв. Мушарраф алан хядах үйл ажиллагааны эсрэг эрс тэмцэгч бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан хүү Бушийн тунхагласан "алан хядагчидтай хийх дайны" гол хүн болсон юм. "Аль-Кайда"-гийн алан хядагчид түүний амь насанд халдах оролдлого гурван ч удаа хийсэн.
2007 оны зургаадугаар сард Мушарраф радикал үзэлтнүүдийн түшиц газар болж байсан сүмийг эзэлж авах тушаал өгснөөс хойш Пакистанд алан хядах ажиллагаа цадигаа алдсан гэж хэлж болно. Алан хядах нэгэн ажиллагаанд нэртэй улстөрч Беназир Бхутто өртөж Равалпинди хотноо амиа алдсан удаатай. Үүнд сөрөг хүчний зарим хүн Мушаррафыг буруутгаж ч байсан юм.
Р.ЖАРГАЛАНТ