Үнэртэн үйлдвэрлэдэг компанийн эзэн эмэгтэй Лилиан Бетанкурээс хууль бусаар мөнгө авсан хэмээн Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг буруутгав гэж ФП агентлаг өчигдөр мэдээллээ. Энэ нь 2007 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилтай холбоотой асуудал аж. Саркозийг өөрийг нь байцааж Бетанкурийн компанийн ажилтнуудтай нүүрэлдүүлсний эцэст ийн буруутгаж буй юм байна.
Францын энэ баян эмэгтэйтэй Саркози хэдэн удаа уулзсаныг тодруулахыг мөрдөн байцаагч нар хичээж байна. Ерөнхийлөгч асан өөрөө болохоор ганц л удаа уулзсан гэдэг бол Бетанкурийн ойр орчны хүмүүс хэд хэдэн удаа уулзсан гэж ярьдаг аж. Ерөнхийлөгч асны эсрэг мөрдөн байцаагчдын гаргасан шийдвэрийг өмгөөлөгч нь шударга бус гэж үзэж буй бөгөөд энэ талаар гомдол гаргахаа мэдэгджээ. Энэ хэрэгт урьд нь 17 хүнийг буруутгаад байсан юм. Мөрдөн байцаалтын явцад тодруулснаар бол Саркози 150 мянган евро Бетанкурээс авчихсан бололтой. Тэгвэл Францын хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигч хувь хүнээс 4.6 мянган еврогоос илүүгүй мөнгө авахыг зөвшөөрдөг юм байна.
2012 оны долдугаар сард мөрдөн шалгах ажлын хүрээнд Саркозигийн гэрт болон ажлынх нь өрөөнд, хамтран эзэмшдэг хууль зүйн компанид нь нэгжлэг хийсэн юм. 90 настай Лилиан Бетанкур одоо альцгеймерийн (мартах) өвчнөөр шаналж буй юм. Түүний хэрэг хүлээх чадваргүй болохыг төрөл төрөгсөд нь 2011 онд зохих байгууллагаар хүлээн зөвшөөрүүлжээ.