40 настай, эрхэлсэн ажилгүй эр Болгарын Ситово гацаанд энэ сарын 20-ны өглөө өөрийгөө шатаав. Энэ нь 2013 оны зургаа дахь тохиолдол гэнэ. Арьсны нь өнгөн хэсгийн 90 хувь нь түлэгдсэн түүнийг эмнэлэгт хүргэжээ. Эмч нарын ярьснаас үзвэл тэрбээр ухаантай байхдаа идэх юм байхгүй учир энэ байдлыг үл тэсвэрлэсэн гэж хэлсэн байна. Түүний биеийн байдлыг эмч нар нэн хүнд гэж тодорхойлж буй аж.
Өөрийгөө шатаах үйлдэл Болгарт энэ онд анх хоёрдугаар сарын 18-нд болжээ. 26 настай, сэтгэцийн өвчтэй залуу ийм үйлдэл хийсэн байна. Тэрбээр уг үйлдлээсээ болж амиа алдсан аж. Дараа нь ердөө хоёр хоногийн зайтай 36 настай Пламен Горанов гэгч, үүнээс зургаа хоногийн дараа 54 настай эр, гуравдугаар сарын эхээр 45 настай эмэгтэй, бас 31 настай эрэгтэй өөрийгөө шатаажээ.
Пламен Горанов болохоор Варна хотын захирагчийг огцрохыг шаардаж ийм алхам хийсэн байна.