"Аль-Кайда"-д их ойр гэж үздэг "Лалын Ирак улс" байгууллага энэ сарын 19-нд буюу тус улсад Америкийн цэрэг нэвтэрч орсны 10 жилийн ойн өмнөхөн Багдадад алан хядах ажиллагаа явуулсаны хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Дайчдыг цаазлах ажиллагааг хэн ч зогсоож чадахгүй гэж урд өдөр нь Иракийн Хууль зүйн сайдын мэдэгдсэний хариуд дэлбэлэх үйлдэл хийсэн гэж алан хядагчид мэдэгджээ.
Алан хядах ажиллагааны уршгаар янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр бол 50-60 хүн амиа алдсан, 100 гаруй хүн шархадсан бололтой. Дэлбэрэх төхөөрөмжийг машинд байрлуулсан байжээ. АНУ, түүний холбоотны цэргүүд Саддам Хусейний дэглэмийг унагахын тулд 2003 оны гуравдугаар сарын 20-нд Ирак руу дайрч орсон юм. Бараг есөн жил үргэлжилсэн тэмцэл албан ёсоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд дууссан. Тэгвэл "Лалын Ирак улс" байгууллага 2006 онд үүсэн бий болсон. Түүний бүрэлдэхүүнд алан хядах ажиллагаа үйлддэг олон бүлэглэл, түүний дотор "Аль-Кайда"-гийнхан ч бий гэдэг.
Одоо Иракт шийт үндэстнүүд эрх барьж буй нь суннитийн цөөнхийн санаанд мэдээж нийцдэггүй. Суннитүүд бүр Саддам Хусейний үеэс л гол албан тушаалуудыг эзэлж байсан. Тиймээс "Лалын Ирак улс байгууллага шийтүүдийн эсрэг алан хядах ажиллагаа үйлдэх замаар эрх баригчдад итгэл алдруулах гэж оролддог байна.
Р.ЖАРГАЛАНТ